ШУУРХАЙ: Ч.Сайханбилэгийн хэргийг шалгаж байгаа бөгөөд түүнийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтдээ Монголын тал "ялагджээ"

ШУУРХАЙ: Ч.Сайханбилэгийн хэргийг шалгаж байгаа бөгөөд түүнийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтдээ Монголын тал "ялагджээ"

Интерполоор эрэн сурвалжлагдаж, АНУ-д орогнож байгаа гэгддэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монголын хэвлэлийн мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн нь өдгөө олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ямар хэргээр шалгаж байгаа болон түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юу гэдэг асуултын хариултыг эрлээ. Ч.Сайханбилэгийн хувьд хамгийн сүүлд 2018 онд Монголоос явснаас хойш сураггүй болсон бөгөөд АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий.

  • Түүнийг 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын Зэс корпорацид хууль зөрчиж буюу УИХ-аар хэлэлцүүлэлгүй худалдсан,
  • 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй, Дубайн гэрээг байгуулахдаа “Оюутолгой”-гоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэрэгт буруутгасан байдаг. Шалгалтын явцад тэрбээр 2018 онд ирж АТГ-т мэдүүлэг өгсөн бөгөөд гадагшаа гарсан.

Улсын хилээр гарч яваад өнөөг хүртэл эх орондоо ирээгүй. Харин хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа хэрэг нь өдгөө ч үргэлжилж байгаа аж. Харин түүнийг дээрх хэргүүдтэй холбоотойгоор интерполын хөх буланд эрэн сурвалжилж, "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэгээр нэрлэж байсан.

Тэгвэл Ч.Сайханбилэгийг одоогоор интерполоор эрэн сурвалжлаагүй байна.

Тодруулбал, Монголын хууль хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг Олон улсын интерполын холбоонд өгсөн аж. Гэвч уг асуудлыг Ч.Сайханбилэг эс зөвшөөрч, маргасан байна. Улмаар түүнийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтдээ Монголын тал "ялагдал" хүлээсэн байгаа юм. Тиймээс ч түүнийг өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжлаагүй байна.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт орохдоо "Ч.Сайханбилэгийг чиглэж буруутгаагүй бөгөөд зөвхөн Ц.Элбэгдорж гэх хүний шахалт, ятгалгаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийг гаргасан" гэх зүйлийг ярьж байсан билээ.