Жолооч Б.Давааням: Ариун цэврийн өрөө орох хооронд автобус алга болсныг мэдээд хүний амь нас хохироох вий гэж айсан

Жолооч Б.Давааням: Ариун цэврийн өрөө орох хооронд автобус алга болсныг мэдээд хүний амь нас хохироох вий гэж айсан

Өвлийн улиралд иргэд суудлын автомашинаа халаах зорилгоор асаалттай орхиод хулгайд алдах тохиолдол гардаг. Тэгвэл нийтийн тээврийн автобус хулгайлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Иймд, иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тус автобусаа хулгайд алдсан жолооч Б.Даваанямтай цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:

-Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Б.Давааням гэдэг. Би нийтийн тээврийн “Сайхан ирээдүй” ХХК-д 2018 оноос хойш автобусны жолооч хийж байна.

-Та автобусаа хаанаас алдсан юм бэ?

-Өглөө бидний ажил 7 цагаас эхэлдэг. Эхний зорчигчоо авахаар явж байгаад Вокзал орчимд автобусны буудал дээр автобусаа тавиад CU-ийн ариун цэврийн өрөө орсон юм. Тэр үед 06:45 цаг орчим болж байсан. Эхний зорчигчоо авах гээд их яарч, сандраад л гүйж явсан. Буцаж гарч ирээд нүдэндээ ч итгээгүй. Үнэхээр шоконд орсон. Нийтийн тээврийн автобус хулгайд алдчихна гэж хүний санаанд багтдаггүй юм билээ. Тэгээд би хамгийн түрүүнд компани руугаа, цагдаагийн байгууллагат дуудлага өгсөн.

-Таны автобусыг хулгайлсан этгээд Вокзалаас хулгайлаад хаашаа явж байсан бэ?

-Камерын бичлэгээс харахад намайг автобусаа орхисноос хойш ганц, хоёрхон минутын дараа хулгайд алдсан байсан. Вокзалаас чигээрээ давхиад хотоос гарах гэж байсан байх гэж таамагласан. Моносын уулзвар өнгөрөөд зогсож байхад нь илрүүлж, хоёр цаг орчмын дотор олсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн хулгайлсан болж таарсан. Цаашлаад тухайн хүн өвлийн энэ хүйтэнд гутал, хувцасгүй байсан нь үнэхээр анхаарал татсан.

-Хүний амь нас, эд хөрөнгө хохирох эрсдэл өндөр байлаа шүү дээ.

-Тийм ээ. Би хүний амь нас хохироочих вий гээд л залбирч суулаа. Том оврын автобусыг хэн дуртай нь унаад давхичихдаг зүйл биш шүү дээ. Харин тэр хулгайлсан хүн хуучин том оврын автомашин барьдаг хүн байж таарсан. Гэхдээ согтуу байсан шүү дээ.

-Та ер нь ариун цэврийн өрөө орох үедээ энэ мэт орхидог байсан уу?

-Тийм ээ. Автобусны жолооч бид нар ариун цэврийн өрөө орох үедээ л бараг хальт зогсдог. Автобусаа асаалттай, хаалгыг нь хаагаад орхичихдог юм. Тэр хооронд тийм их уддаггүй шүү дээ.

-Та иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс юу вэ?

-Нийт автомашин эзэмшигч болон нийтийн тээврийн жолооч нартаа анхаарал болгоомжтой байхыг хүсье. Ийм гэнэтийн юмыг хэн ч төсөөлдөггүй юм байна. Автобусаа олоход хамтарч ажилласан Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын байцаагч нартаа баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө