Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ компанитай 5.5 тэрбумын гэрээ байгуулсан байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, улмаар өөрийн эхнэр Ч.Ариунтунгалагийн үүсгэн байгуулсан "Эн Ар Жи хөгжил" ХХК-тай компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргээр түүнийг цагдан хорьж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Тэгвэл Б.Насантогтохын хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүсийг мөн цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодотговол, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Насантогтохын хэрэгт түүний эхнэр Ч.Ариунтунгалагийн төрсөн дүү Ч.Амгалантөгс болон Ч.Ариунтунгалагийн төрсөн дүүгийн нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар татан, 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нэр бүхий хүмүүсийг Б.Насантогтохын хууль бус мөнгийг эргэлтэд оруулж, мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа юм байна.
Товчхондоо, хэдхэн сарын өмнө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, олсон мөнгөө өөрийн эхнэр Ч.Ариунтунгалагийн дүү, нөхөр зэргээр нь дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс ч дээрх нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа юм байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.