Прокуророос Б.Баасандоржид хязгаарлалт тогтоох ТСАХ авах саналыг хүргүүлсэн ч шүүхээс уг саналыг хүлээн авахаас татгалзжээ

Прокуророос Б.Баасандоржид хязгаарлалт тогтоох ТСАХ авах саналыг хүргүүлсэн ч шүүхээс уг саналыг хүлээн авахаас татгалзжээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарыг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх хэргээр Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Дээрх нэр бүхий хүмүүсийг Тагнуулын байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. 

Улмаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяад өнөөдөр  /2026.01.28/ шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл түүнтэй хамт Тагнуулаас шалгаж байгаа Б.Баасандоржид мөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн ч шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Баасандоржийг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Харин тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.