АТГ-аас өчигдөр /2026.01.27/ орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг гэр, албан өрөөнд нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл цацагдсан.
Тодруулбал, Аж үйлдвэр эрдэс баялагийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж болон Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарын гэр, албан өрөөнд нэгжлэгийн ажиллагаа явуулсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дээрх нэр бүхий хүмүүсийг 48 цагийн хугацаатайгаар саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өглөө. Харин өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Аж үйлдвэр эрдэс баялагийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж болон Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайханыг өмнө нь эрхэлж байсан ажлынхаа хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг хэллээ.