СУРВАЛЖИЛГА: Иргэд төлбөртэй зогсоолд бус нэгдүгээр эгнээг хааж машинаа тавьсаар байгаа тул "ухаалаг зогсоол"-ууд хоосон байна

СУРВАЛЖИЛГА: Иргэд төлбөртэй зогсоолд бус нэгдүгээр эгнээг хааж машинаа тавьсаар байгаа тул "ухаалаг зогсоол"-ууд хоосон байна

Жолооч нарын автомашинаа буруу газар зогсоосон, нэгдүгээр эгнээнд тавьсан зөрчлийг бүртгүүлдэг 102 апплкейшнд мэдээлэл илгээгээд 2 сая гаруй төгрөгийн урамшуулал авсан иргэний яриаг бид өнгөрсөн долоо хоногт хүргэснийг иргэд хоёр талаас нь хүлээн авсан. Иргэд энэ төрлийн системийг шүүмжилж байгаа хэрнээ төлбөртэй зогсоолд автомашинаа тавихгүйгээр нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьж, замын хөдөлгөөнд саад учруулсан хэвээр байна. Үүнээс шалтгаалан нийслэлийн төлбөртэй зогсоолууд хоосон байна.

ВИДЕО:

-ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛУУД ХООСОН, НЭГДҮГЭЭР ЭГНЭЭ ДҮҮРЭН БАЙНА-

Өнгөрсөн онд 33 зогсоолыг ухаалаг системд шилжүүлсэн бол энэ онд 50 болгон нэмэгдүүлнэ гэж хотын удирдлагууд мэдэгдэж байгаа. Энэхүү авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх систем, автомат төлбөрийн систем зэрэг ухаалаг үйлдэлтэй бөгөөд иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэргээр цаг хугацаагаа хэмнэх боломжтой. Гэтэл иргэд авто зогсоолыг зориулалтын дагуу ашиглахгүй байх буюу хаалтыг нь дугуйгаараа дарж эвдэх эсвэл зогсоолд тавихгүйгээр нэгдүгээр эгнээнд авютомашинаа тавих тохиолдол элбэг байна.

Тухайлбал Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох төлбөртэй зогсоолууд ихэнх нь хоосон байх бөгөөд жолооч нар Бөмбөгөрийн урд хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулжээ. Энэхүү төлбөртэй, ухаалаг зогсоолын нэг цагийн үнэ 4000 мянган төгрөг. Харин зөрчил гаргагч жолооч таны машинаараа хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа авто зам татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр босдог. Тухайлбал нэг тоо бодож үзье л дээ, манай улсад дунджаар нэг км замыг 2.2 тэрбум төгрөг болон түүнээс дээш өртгөөр барьдаг байна. Тэгвэл нэг метр автозамыг 2 сая төгрөгөөр барьдаг гэсэн үг. Харин нэг автомашины урт ойролцоогоор 4-5 метр байдаг гэж үзвэл зөрчил гаргагч жолооч та татвар төлөгчдийн 10-аад сая төгрөгөөр боссон, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байх ёстой аютозам дээр машинаа зогсоочхоод, түгжрэл үүсгээд байна гэсэн үг.

-НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД АВТОМАШИНАА ТАВЬСАН 1000 ОРЧИМ ИРГЭН НЭГ ӨДӨРТ ТОРГУУЛДАГ-

Эргэн сануулахад, нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан зөрчил гаргасан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгодог. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж улс орон, хувь хүмүүсийг эдийн засгийн алдагдалд оруулах, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байна. Ийм ч учраас нийслэлээс 102 аппликейшнийг бий болгосон. Учир нь иргэд өөрсдөө сануулаад, торгуулаад энэ зөрчил арилахгүй байна.

Түүнчлэн өнгөрсөн намрын байдлаар нийслэлийн хэмжээнд өдөрт 800 орчим жолооч нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан зөрчлөөр торгуулдаг бөгөөд Цагдаагийн байгууллагын 102 police аппликейшнаар дээрх зөрчлүүдээр 200 гаруй иргэнд арга хэмжээ тооцуулдаг байна. Ингэснээр өдөрт мянга гаруй иргэн торгуулдаг гэсэн үг. Энэ зөрчлийнг арилгачих юм бол нийслэлийн хэмжээнд зохиомол түгжрэл байхгүй болно гэдгийг Тээврийн цагдаагийн албаныхан онцолж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө