Монгол иргэдийг гадаадад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг өнгөрсөн оны найдугаар сард /2025.08.27/ Казахстан улсаас шилжүүлэн авчирсан байдаг.
Тодруулбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирсан байдаг.
Тэгвэл тухайн эмэгтэйд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Х.Н нь нэр бүхий охидын биеийг нь үнэлүүлэх зорилгоор “Малайз улсад өндөр цалинтай ажил байна, би замын зардлыг нь даана, цалин дээрээсээ суутгуулж болно” гэж хууран мэхэлж, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан хил нэвтрүүлж, эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.3 /Хүн хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.