Өнгөрсөн долоо хоног нийслэлчүүдийн хувьд чамгүй хүнд долоо хоног болж өнгөрлөө. Учир нь “ДЦС 4”-ийн гэмтэл болон Бөөрөлжүүлтэд нүүрс хөлдсөн зэрэг асуудлаас үүдэж, Улаанбаатарт тогны хязгаарлалт хийв. Гэтэл тогны хязгаарлалтын улмаас цахилгаан бараагаа шатаах зэргээр эдийн засаг, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй гарлаа. Тэгвэл тог тасалдсаны улмаас учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэх боломжтой байдаг гэдгийг иргэн та мэдэх үү.
-УБЦТС ТӨХК-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЦАХИЛГААН ТАСАЛДСАНЫ УЛМААС ИРГЭД УЧИРСАН ХОХИРЛОО НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-
Иргэд цахилгаан хэрэглэж эхлэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-тай гэрээ хийдэг. Энд цахилгаан хэрэглэгч болон цахилгаанаар хангагчийн эрх, үүргийг маш тодорхой зааж өгсөн байх бөгөөд цахилгаанаар хангагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгжид үүссэн хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэх ёстой гэж заасан байна. Тодруулбал, Хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.1-д “Цахилгаан эрчим хүчний тасалдал, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс болж хангагчтай гэрээтэй хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд 24 цагийн дотор хэрэглэгч хангагчид мэдэгдэж хамтарсан акт үйлдэн гаргасан шийдвэрийг үндэслэн хохирлыг буруутай тал төлнө” гэсэн байна.
Иймд иргэд хэрвээ цахилгаан тасалдсаны учраас цахилгаан бараагаа шатаасан, эд хөрөнгөөрөө хохирсон бол 100 хувь УБЦТС ТӨХК-иар төлүүлэх, засуулах боломжтой.
Гагцхүү хохирол учирсанаас хойш 24 цагийн дотор цахилгаан түгээхэд мэдэгдээд, дараа нь өөрийн биеэр очиж өргөдөл өгөх ёстой бөгөөд иргэд цаасан байдлаар гэрээ байгуулса байх шаардлагатай. Үүнийг мэддэггүйгээс иргэд эдийн засгаараа хохироод үлддэг. Гол нь тухайн хохирол яг цахилгааны гэмтлээс үүдсэн эсэхийг тогтоож байж нөхөн төлбөр олгоно. Ингэхдээ хөргөгч шатсан бол түүнээс үүдэн гэсэж муудсан мах, хэрэгцээгүй болсон хүнсний зүйл зэргийн хохирлыг ч 100 хувь төлүүлж болдог байна.

-ГЭВЧ ЭНЭ УДААГИЙН ИРГЭДИЙН ГОМДЛЫГ УБЦТС ХАРИУЦАХГҮЙГЭЭР ЗАСГИЙН ГАЗРААС ЯМАР ШИЙДВЭР ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА-
Гэхдээ Цахилгаан эрчим хүчний тасалдлаас учирсан хохирлыг дор дурдсан тохиолдолд нөхөн төлүүлэх боломжгүй. Үүнд:
- Байгалийн гэнэтийн аюул тохиолдсон бол,
- Хангагчтай тохиролцсон горимыг хэрэглэгч мөрдөөгүйгээс хэрэглэгчийн цахилгаан хангамж тасарсан бол,
- Эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдсэн бол
- Эрчим хүчний тухай хуулийн 32.1 болон 32.2-т заасан буюу тогны мөнгөө төлөөгүй зэргээс үүдэж тог тасалсан тохиолдолд,
- Хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугамыг гуравдагч этгээд гэмтээсэн бол,
- Цахилгаан эрчим хүчний бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас шалтгаалсан аваар, осол болон саатал зэргийн улмаас учирсан хохирлыг хариуцахгүй гэсэн байна.
Ийнхүү маргаан үүсгэсэн ч харилцан тохиролцож чадахгүй бол шүүхэд хандах боломжтой байдаг. Тэгвэл бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгаан тасалдсан улмаас хохирол учирсан гэх дуудлага мэдээллийн талаар болон хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодруулахад, “Өнгөрсөн өдрүүдэд энэ төрлийн гомдол цөөнгүй ирсэн. Гэхдээ энэ удаа манайхаас шалтгаалаагүй бөгөөд дулааны цахилгаан станц дээр гарсан гэмтлийн улмаас тог тасарсан тул манайх хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Эрчим хүчний яам болон Засгийн газраас энэ төрлийн гомдлыг хэрхэх талаар тодорхой хариу, шийдвэр хүлээж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм. Иймд дээр дурдсанаар иргэд гомдол гаргалаа ч нөхөн төлбөрөө авч чадахгүй байх эрсдэл үүсээд байна.