Энэ долоо хоногийн Лхагва гараг /2026.01.21/-ийн өглөө “нөөц тоноглолгүй” ажиллаж байгаа Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарлаа. Үүнтэй зэрэгцэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс нь хөлдсөний улмаас ердөө 120 MBт буюу хүчин чадлынхаа талд ч хүрэхгүй хэмжээнд ажиллаж эхэлсэн нь -30 градусын хүйтэнд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахад хүргээд байна.
Нөгөө талд, эрчим хүчний салбартай холбоотой авлигын ноцтой хэргүүд ил болж Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Эрчим хүчний үндэсний төвийн захирал Д.Бямбасүрэн, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга, тус компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек, мөн Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж нар авлигын хэргээр шалгагдан, цагдан хоригдоод байна. Зарим албан тушаалтны гэрээс их хэмжээний гадаад валют, хөөрөг, алтан аяга зэрэг эд зүйлс хураагдсан бол тэдний зарим нь оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй баримтууд ч яригдаж байна. Товчхондоо, цахилгааны дутагдал, эрчим хүчний салбарт гарч буй авлигын хэрэг нь сүүлийн 30 жил Монгол Улсыг удирдаж байгаа МАН-ын бодит төрх, “үнэн нүүр царай”-г тодорхой харуулж байгаа хэрэг юм.
-МОНГОЛЫН ДОТООДДОО ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ БИЙ БОЛГОХ ТӨСЛҮҮДИЙГ ЗОГСООЖ, ХОРЛОН СҮЙТГЭСЭН ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙВ-
Өнгөрсөн зуунд баригдсан дулааны цахилгаан станцуудаа бүрэн шинэчилж, Эгийн гол, Эрдэнэбүрэн, Багануур, Тавантолгой, Дулааны V цахилгаан станцууд ашиглалтад орох хангалттай хугацаа байсан ч “эх оронч” гэсэн нэр зүүсэн гадаад, дотоодын нөлөөлөлд автсан хорлон сүйтгэгчдийн гайгаар эдгээр төслүүд гацаж, цахилгаан станцууд ашиглалтад орж чадаагүй юм.
Тухайлбал, 2013 онд Эгийн гол усан цахилгаан станцыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулсан байдаг. Ингээд 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхлэх байсан ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар төсөл саатсан байдаг.
Мөн Оросын тагнуул Е.А.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хэрхэн хорлон сүйтгэх ажиллагааг хийж байсан талаар Nosvox.com сайт 2022 онд мэдээлсэн.
Тэд “Хил хязгааргүй гол” ТББ-ынхаа үйл ажиллагаагаар нутгийн тэмцэгчидтэй танилцаж, тэднийг "хорлон сүйтгэх" үйл ажиллагаандаа ашиглаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоосон гэдэг.

Тэгвэл гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргээр шүүхээс 10 жилийн хорих ял сонссон Ч.Мөнхбаяр болон Е.А.Симонов нарын хоорондоо 2017 онд “Эгийн гол”-ын усан цахилгаан станцын талаар ярилцсан e-mail захидлыг Nosvox.com сайтад ил болгож байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Ийнхүү байгаль орчин, хүний эрхийн төлөө тэмцэгч нэртэй хүмүүсийг ашиглаж манай хойд хөрш, хажуу орнуудаа эрчим хүчний хараат байдалд оруулж, нөлөөгөө хадгалж байдаг гэдэг.
-БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД НЬ ГАЦААЖ БАЙВ УУ-
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 онд “Багануур пауер” компани Багануур цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулж байв. Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам.доллар. Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй тус концессын гэрээ хэрэгжсэнээр 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх байв.

Гэтэл гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр шүүхээс ял авсан Ч.Мөнхбаяр, “Багануурын цахилгаан станцын концесст шалгарсан Багануур Пауэр компанийн ард Хятадын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж байгаа” хэмээн эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн хурал хийж байв. Мөн “Монголын анхны Хятад хороолол Багануурт босно” гэх нэвтрүүлгийг Бөөрөлжүүт цахилгаан станцын эзэн Д.Баясгалангийн “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Отгон хийж, 2018 онд олон нийтэд хүргэж, тэрээр уг төслийг тууштай эсэргүүцэж байсан юм.
Харин 2018 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Багануур дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ “Багануурын цахилгаан станцын концесс бол анхаарал хандуулан ажиллах асуудал. Бид бүхэн судалж байгаа. Багануурчуудын зовнилын талаар мэдээлэл авсан. Шударга ёсны үүднээс хандах болно” гэж мэдэгдэж байв.
Ингээд Багануурын цахилгаан станцын төсөл зогсож, Голомт банкны эзэн Д.Баясгалангийн Бөөрөлжүүт станцын төсөл урагшилж эхэлсэн байдаг. Мөн Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн, “зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ” гэж Багануурын цахилгаан станцын төслийн талаар хачин зүйлийг ч ярьж байв. Товчхондоо, тэрээр “оросуудын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна” гэсэн утгатай инээдэмтэй марзан зүйлийг ярьж байлаа.
ВИДЕО:
Хүрэл зүрх ч хайлам. Даваасамбуу одоо бяслаг руу орсон. Энэ бүхнээсээ уучлал мэдээж гуйхгүй ... 🤔pic.twitter.com/BtvwpA5FSV
— Төрбат (@turbatn) January 23, 2026
Тэгвэл Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станцыг эрчим хүчний сайдаар ажиллаж байсан хүмүүс гацаасан байж магадгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний зөвлөх Р.Ганжуур хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Дулааны V цахилгаан станцыг Франц, Япон, Өмнөд солонгосын консорциум бариад 25 жилийн дараа улсад шилжүүлэх нөхцөлтэй байсан. Гэтэл дулааны V цахилгаан станцын оронд Амгаланд жижиг оврын дулааны станцыг М.Сономпил бариулсан. Үүний дараа Ц.Даваасүрэн сайд бүр зогсоосон. Мөн Тавантолгой цахилгаан станцыг бариулна гэж байхад нь Ц.Даваасүрэн сайд бид улсын төсвөөр барина гэж худлаа хэлж байгаад Тавантолгойн цахилгаан станцыг бариулаагүй” гэж ярьжээ.