ТОДРУУЛГА: "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Б.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байна

ТОДРУУЛГА: "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Б.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байна

"Эс жи групп" алтны уурхайдаа цахилгаан татахын тулд Д.Бямбасүрэн нарт авлига өгч, зөвшөөрөл нь гарахаас өмнө ажлаа дуусгасан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл дээрх хэрэгт холбоотойгоор хэд хэдэн хүнийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байгаа аж.

“Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга Д.Бямбасүрэн нарт холбогдох хэргийн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад “Эрчим хүчний үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй” гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн АТГ-аас 2023 оны зургаадугаар сараас шалгаж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Эс Жи групп” ХХК аж ахуй нэгж нь 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан байдаг. Гэвч дээрх нэр бүхий аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ барилга, угсралтын ажлыг дуусгаж холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан “Эс Жи групп” ХХК болон Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК, Эрчим хүчний яамны албан тушаалтнуудыг хахууль авсан, өгсөн үндэслэлээр шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймагт  хоёр, Улаанбаатар хотод гурван объектод нэгжлэгийн ажиллагааг, прокурорын зөвшөөрлөөр зохион байгуулж үнэт эдлэл, гадаад вальютыг хураан авсан" гэлээ.

Мөн тэрбээр "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Б.Бямбасүрэн, өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаалд ажиллаж байсан иргэн Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг тодотголоо.