"Ногоон автобус"-ны хэрэг нэг хэсэг олны анхаарлыг татсан ч тус хэргээр "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нар хорих ял шийтгэгдээд асуудал намжсан.
Харин “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарын "Автобусны арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн" гэх хэрэг дээрх нэр бүхий хүмүүс оргон зайлсан гэх шалтгаанаар олны анхаарлаас гарсан байдаг.
Тодруулбал, “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг парк шинэчлэлээр оруулж ирсэн автобусныхаа арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн буюу мөнгө угаах, залилах, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Гэсэн ч “Эрдэм транс” ХХК-ний захирал Я.Эрдэмбилэг нь 2023 оны есдүгээр сараас оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байв.
Тэгвэл “Эрдэм транс” ХХК-ний оффисын барилга байгууламж зэрэг 1.3 тэрбум төгрөгийг нийслэлийн өмчид авчээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобуснаас “Эрдэм транс” ХХК 30 автобус худалдан авсан байна. Гэвч тухайн компани нь өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, төлбөр тооцоогоо хийгээгүй байгаа юм. Тиймээс тус компанийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг нийслэлийн өмчит авсан байна. Ингэхдээ 2018 онд ашиглалтад орсон 96 м2 оффисын барилгыг 43.8 сая, 5 га газрыг нь 450 сая зэргээр үнэлж авчээ. Харин тус компанийн захирал Я.Эрдэмбилэгийн залилах, мөнгө угаах гэмт хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.