Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил, хууль бус эргэлтийг хязгаарлах, хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрбат "Сүүлийн есөн жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн 89 гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийтдээ 13 улсаас мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд хамгийн их нь БНХАУ-аас байв. Гадаад улсаас орж ирж байгаа сэтгэцэд нөлөөт бодисын 50 хувийг шуудан илгээмж эзэлж байна. Манай 47 иргэн БНХАУ, БНСУ, Турк, Герман, Малайз, Лаос, Япон зэрэг улсад хар тамхины хэргээр ял эдэлж байна. Дотоодод нийт 2422 холбогдогчтой 2100 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэ нь нийт гэмт хэргийн 0.64 хувийг эзэлж байна. Дээрх хэргүүдийн 1749 нь нийслэл хотод үйлдэгдсэн. Хууль хяналтын байгууллагууд 500 гаруй мянган хүний нэг удаа хэрэглэх мансууруулах бодисыг хурааж авсан. Нийт 1297 хүний баривчилсан, 652 иргэнийг торгож 54 хүнийг сургалтад хамруулсан. Нийт холбогдогчдын 50.3 хувь нь 18-25 насны, 35.9 хувь нь 26-35 насны, 9.2 хувь нь 36-аас дээш насны, 4.4 хувь нь 13-17 насны иргэн байна. 13-17 насны 107 хүүхэд мансууруулах бодис хэрэглэснээс харахад хар тамхины хэрэглээ нийгмийн бүх давхаргад байна. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдогчдын 60.4 хувь нь бүрэн дунд боловсролтой, дийлэнх нь эрчүүд" гэв.