Улсын нэгдүгээр төв эмнэлэгт буруу онош, цахилгааны саатлын улмаас Монгол Улсад зорчиж байсан гадаадын улсын иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нэгэн иргэнээс Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан байдаг. Тус иргэн гомдолдоо, “Өнгөрөгч зургаадугаар сар /2025.06/-д Монгол Улсад аялж явсан АНУ-ын иргэний бие муудаж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлсэн боловч, түүний өвчнийг оношилж чадалгүй амь эрсэдсэн.
Тодруулбал, АНУ-ын иргэний өрцний нүхээр ходоод нь орж хавчигдсан байж болзошгүй байхад тус эмнэлгийн эмч О.Г нь оношилж чадалгүй 7 хоног болгосноос гадаад иргэний ходоод үхэжсэн гэж үзэж байгаа. Харин биеийн байдал хүндэрсний дараа ходоод тайрах мэс засал хийж өвчтөн сэхээнд орсон.
Гэтэл энэ үеэр нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1 цаг орчмын хугацаанд цахилгааны доголдол гарч амьсгалын аппарат ажиллахгүй өвчтөн, АНУ-ын иргэн нас барсан. Цахилгаан тасарсан тухайн цаг мөчид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цахилгааны дэд станц ажиллаагүй. Энэ явдал 2025 оны зургаадугаар сарын 23-ны өдөр болсон" хэмээн бичсэн байгаа юм.

Иймд энэхүү гомдлын дагуу тус эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас аудитын шалгалт оруулсан бөгөөд шалгалтын хариу энэ долоо хоногтоо багтан гарах аж.
Дээрхээс гадна тус эмнэлгийн дотоод зохион байгуулалт, эмч ажилчдын харилцаа хандлага мөн үйл ажиллагаа нь муудаж байгаа талаарх өөр олон иргэнээс ч гомдол, мэдээлэл ирээд байгаа аж.