Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, үр ашигтай болгох зорилтын хүрээнд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийн мэдээллийг нэг мөр, ил тод, нэгдмэл эх сурвалжид төвлөрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилгоор “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүллээ.
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, Германы Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч, доктор Юрген Хартвиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Сангийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Үндэсний дата төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар, “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газрын болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бусад байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын хэмжээнд 65 чиг үүргийн 1102 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13 мянга орчим алба хаагч жилд 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа бөгөөд нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий алба хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернэт холболттой аль ч газраас зөрчлийн гомдол, мэдээллийг цахимаар бүртгэж, зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар авч, баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон.
-“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-Г ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ БА ШААРДЛАГА-
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон гаргасан шийдвэрээ зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үүрэгтэй. Практикт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд нэгдсэн бүртгэлийн системгүй, мэдээлэл нь хоорондоо уялдаа холбоогүй байсан тул мэдээлэл солилцох, улсын хэмжээний нэгдсэн статистик гаргахад ихээхэн цаг хугацаа, зардал шаарддаг хүндрэлтэй байв.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг нэгтгэх нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэж, уг ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газрын захиалгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “АйТиЗон" ХХК 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөрчил шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагууд нэгдсэн сантай байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой тусгаснаар Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд нэвтрүүлэх эрх зүйн үндэслэл бий болсон байна.
-“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-ИЙН АЧ ХОЛБОГДОЛ-
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, түүнд тавьж буй прокурорын хяналт, зөрчлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон шийтгэлийн биелэлтийн талаарх мэдээлэл нэг санд нэгдсэн байдлаар төвлөрснөөр улсын хэмжээнд статистик мэдээ, тайлан нэг эх сурвалжаас бодитой, үнэн зөв гарч, холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоо бодитоор сайжрах чухал ач холбогдолтой юм.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, прокурор нь нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн холбогдох зарим баримт бичгийг системээр дамжуулан автоматаар боловсруулах, ашиглах боломжтой болсон.
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь зөвхөн бүртгэл хөтлөх зориулалттай систем бус, зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим хэлбэрт нэг мөр шилжүүлж, хүний эрхийг хамгаалах механизмыг системийн түвшинд баталгаажуулан, нотолгоо, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих төрийн цогц дижитал шийдэл юм.
