УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татсан ч тэрбээр тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах болжээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татсан ч тэрбээр тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах болжээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг дээрх зүйл ангид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан бөгөөд яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргаад байгаа аж.

Харин уг тогтоолыг түүнд танилцуулахаар удаа дараа хандаж байгаа ч УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа юм байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр "Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө. Төрийн нууцад хамаарах хэргийн яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахгүйгээр танилцуулна" гэж заасан байдаг. Энэ  дагуу хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн яллагдагчаар татах тогтоолыг танилцахаар удаа дараа түүнд хандсан ч тэрбээр өнөөг хүртэл яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах болжээ.  

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1-д "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.