"Эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин гэж буруу мэдээлэл түгээж байна"

"Эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин гэж буруу мэдээлэл түгээж байна"

НИТХ-ын дарга А.Баяр түргэн тусламжийн автомашиныг даргын бичиг цаас зөөдөг гэх асуудлыг хөндсөн. Иргэд ч уг асуудал байдаг талаар шүүмжилсэн. Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс уг асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа. 

Тус мэдэгдэлд "Нийслэлийн түргэн тусламжийн төв нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ. Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна. Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “Түргэн тусламж" бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “Нийслэлийн түргэн тусламжийн төв" хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрд эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна. Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна" гэжээ.