Авто тээврийн үндэсний төвийн дарга Р.Гүрсоронзонг чөлөөлж оронд нь манлай уяач, Ц.Батсайханыг томилох саналыг Зам тээврийн яамнаас гаргажээ.
Тодруулбал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд "АТҮТ-ийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" хэмээн албан бичиг өгсөн байна.

Ц.Батсайхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач юм. Гэвч түүнийг томилох гэж буйг цахимаар зарим иргэдийн зүгээс эсэргүүцэж эхлээд байна. Тодруулбал, сэтгүүлч Б.Отгон цахим хуудастаа "Симба Батаагийн дүү, Тод манлай уяач Ц. Батсайхан Автотээврийн үндэсний төвийн дарга болно гэнэ үү. Машин, морь хоёрын хооронд маш том ялгаа бий гэдгийг энэ хүнд хэлээд өгөөч. Монгол Улсын төрд мэргэжил, мэдлэг хэрэггүй. Аль ч салбарт ажлын туршлага, алив бүхэн түй ч хамаагүй болсны эмгэнэлт жишээ энэ юм. Авто тээврийн салбар дээр хүний амь, амьдрал явдаг учраас удирдлага нь мэргэжлийн байхыг шаардах ёстой. Арай ч дээ. Болио" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.