"Оюу толгой" компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудыг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
-ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ХҮМҮҮС БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Тодруулбал, "Оюу толгой" компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшинийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл Мөнгө угаах, харин "Оюу толгой" компанийн Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүйг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Тагнуулын ерөнхий газраас энэ сарын 23 /2025.10.23/-ны өдрийн үүрээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Оюу толгой" ХХК-ийн нэр бүхий дөрвөн ажилтны орон байр болон автомашинд нь нэгжлэг хийх үеэр 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд бичиг баримт зэрэг нотлох баримтыг хураан авсан гэх албан бус мэдээлэл бий. Мөн энэ үеэр дээрх нэр бүхий яллагдагч нараас гадна, "Оюу толгой" ХХК-ийн мэргэжилтэн Б.Сэржмаа, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын хүмүүсийг Тагнуулын байгууллагаас шалгасан байна.
Түүнчлэн "Оюу толгой" ХХК-ийн дээрх нэр бүхий хүмүүсийн хэрэг бүлэг гэмт хэрэг байж болзошгүй байгаа тул Тагнуулын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа цаашид ч өргөн хүрээнд үргэлжилж магадгүй аж.
Албан бус эх сурвалж мэдээлж буйгаар "Оюу толгой" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын хүмүүс нь "Оюу толгой"-н ган бөмбөлөг, тээрмийн хуягуудын худалдан авалт, тендерийг будилаантуулах байдлаар хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг байсан байж болзошгүй байгаа юм байна.