Өнгөрсөн 2019 онд эрх баригч МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлтийг соёрхон баталснаар эцэг хуулийн өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болоод байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газартай холбоотой хэд, хэдэн өөрчлөлт орсон нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх, мөн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлж байгаа өнөөгийн Засгийн газар Үндсэн хуульд заасны дагуу бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх үү, цаашлаад огцрох уу гэсэн асуулт гарч ирээд байна.
Тухайлбал, Ерөнхийлөгч, Засгийн газартай холбоотой дараах нэмэлт, өөрчлөлтүүд Үндсэн хуульд оржээ.
ҮҮНД: Монгол Улсын Үндсэн Хуулийн
- 30.2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
- 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
- 39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
гэж заажээ.
-ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ҮНДСЭН ХУУЛЬ МӨРДӨГДӨХ ЁСТОЙ-
Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулж хуульч, доктор Ч.Өнөрбаяр “Өнөөдрийн засгийн газар 100 хувь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр 4 сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно.
Ерөнхий сайд нь аль гишүүдээ авч үлдэх нь УИХ-д 63 суудалтай байгаа МАН-ын дотоод асуудал. Ямар ч тохиолдолд Үндсэн хууль мөрдөгдөх ёстой.
Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно. Нэг үгээр хэлбэл энэ Засгийн газрын шийдвэр, тогтоол Үндсэн хуулийн биш болох учир Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж буй.
-ДАГАВАР ХУУЛИУДЫГ УИХ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ЁСТОЙ-
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар огцрохгүй. Ямар нэг өөрчлөлт орохгүй. Яагаад гэвэл шинэ Үндсэн хууль тавдугаар сарын 24-нөөс эхлээд үйлчлэх ёстой. Гэхдээ Үндсэн хуулийг дагуулаад бусад хуулиуд гарах ёстой. Энэ хуулиудын хүрээнд засгийн газар огцрох, шинээр бүрдүүлэх эсэх тухай асуудлыг дагвар хуулиудаар шийдвэрлэх ёстой. Энэ хуулийг УИХ яаралтай батлах ёстой. УИХ ямар хууль гаргана, тэр хуулийг Монгол Улсын Засгийн газар дагаж мөрдөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-БҮГД ҮНДСЭН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ-
Үүнээс үзвэл Ч.Өнөрбаярын хэлсэнчлэн “Үндсэн хуулийн дээгүүр давж гардаг төр засаг, том дарга байж болохгүй” гэж буй. Энэ утгаараа бүгд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх ёстой. Иймд Үндсэн хуульд захирагдаж У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах, цаашлаад У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газар огцрох нөхцөл үүсчээ.
Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт оруулах нь зөв үү?
Нийт: 0 саналтай