Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, зарж борлуулдаг зохион байгуулалттай этгээдүүдийг олж тогтоох, баривчлах ажиллагааг тогтмол явуулж байгаа юм. Тус газар нь аливаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулагдахаас өмнө хураан авах, таслан зогсоох ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байгаа аж.
2020 оны хоёрдугаар сард явуулсан тусгай ажиллагаагаар хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хоёр, бусдад худалдсан болон худалдахыг завдсан долоон этгээдэд холбогдох 5 гэмт хэргийг илрүүлж, эд мөрийн баримтыг хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Энэхүү ажиллагааны хүрээнд эд мөрийн баримтаар хураагдсан химийн гаралтай сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсад ашиглагддаг “хүний нэг удаагийн хэрэглээний дундаж тун хэмжээ”-ээр тооцоолоход 2123 хүний нэг удаагийн хэрэглээг таслан зогсоож, хууль бус эргэлтэд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлсэн байна.