БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх намар Монгол Улсад айлчилж магадгүй байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх намар Монгол Улсад айлчилж магадгүй байна

2023 оны аравдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны  дээд түвшний уулзалтын үеэр манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх , БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Уулзалтын үеэр манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан билээ. 

-ТҮҮНИЙГ ӨНГӨРСӨН ОНД МОНГОЛД АЙЛЧИЛНА ГЭЖ БАЙВ-

Харин өнгөрөгч 2024 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиосон. Уг ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Монголд айлчилж магадгүй тухай мэдээлэл гарсан  ч  айлчлал болоогүй. Тэгвэл түүнийг ирэх намар Монгол Улсад айлчилж магадгүй гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хувьд хамгийн сүүлд Монгол Улсад 2014 онд айлчилж, талууд 26 баримт бичигт гарын үсэг зурж байв. Үүнээс хойш хоёр орны удирдлагууд харилцан өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтыг олонтаа болсон. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай хоёр улс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр зам, боомтуудын төмөр замын холболт гээд томоохон бүтээн байгуулалтад хамтран ажиллаж байгаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр жил тутамд нэг удаа Улаанбаатарт айлчилдаг бөгөөд 2018 онд тэрбээр хоёр талын худалдааг 10 тэрбум ам.доллар хүргэх, иргэдийн солилцоог жилд гурван саяд хүргэх зорилтыг аль болох хурдан биелүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдгээ илэрхийлжээ. Харин 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн Бээжинд хийсэн айлчлалаар хоёр улсын худалдааны хэмжээг аль болох хурдан 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө шаргуу ажиллахаар хоёр тал санал нэгдсэн юм.