Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны засаг дарга Н.Сайнболдыг ямар нэгэн шалтгаангүй үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал ажлаа аваад сарын хугацаа болоогүй байгаа Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл нэгдүгээр хорооны засаг дарга Н.Сайнболдыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан бөгөөд захирамжид ямар нэгэн ажлаас чөлөөлөх үндэслэл, шалтгаан дурдаагүй байжээ. Зөвхөн Засаг даргын захирамж гэдгээс өөр хариу хэлээгүй гэнэ. Н.Сайнболд хэлэхдээ “Өнөөдөр 11 цагт Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх гэх зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй ирж ажлаас чөлөөлсөн захирамжийг танилцуулсан. Би мэдээж захирамжийг хүлээж авна. Гэхдээ яг ямар шалтгаан, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаж байгааг тайлбарлаж өгөхийг хүсэхэд “тайлбарлаж өгөхгүй, Засаг даргын тушаал” гэдгээс өөр хариу хэлээгүй. Ямар нэгэн алдаа гаргаагүй хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр ийм шийдвэр гаргаж байгааг харахад хувийн ашиг сонирхол яваад байна уу гэж хардаж байна. Энэ бол хууль бус шийдвэр” гэв.
Бүх зүйл хууль дүрэмтэй. Тэгвэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 28.5 дахь заалтад “Баг хорооны засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэж, засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Нэг ёсондоо Засаг дарга гэдэг бол иргэдээсээ сонгогдож томилогддог улс төрийн албан тушаал. Гэтэл ЧД-ийн засаг дарга Батсүмбэрэл иргэдийн санал, шалтгаангүйгээр, өөрт таалагдахгүй байгаа хүмүүсээ солих ажиллагаа хийж байна. Эхнийх нь миний бие боллоо гэж Н.Сайнболд хэлсэн юм.
Тэрээр 2013 оноос хойш энэ албанд сууж байгаа бөгөөд иргэдийн саналаар гарч, ирээд найман жил уг албан тушаалыг хашжээ.
Мөн ЧД-ийн иргэдийн нийтийн хурлыг 2020 оны нэгдүгээр сарын 3-нд хийсэн. Хурлаар нэгдүгээр хорооны засаг дарга Н.Сайнболдын хийж хэрэгжүүлсэн ажлыг “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн байна.
Харин Дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл нь өнгөрөгч хоёрдугаар сард энэ албыг авсан юм. Энэ талаар Н.Сайнболд хэлэхдээ “Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдийн хоёрдугаар сард гарсан хурлын тэмдэглэлээр нэр бүхий 18 иргэдийн төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу хурлыг тов гаргасан. Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор хурал, цуглаан хийж болохгүй гэсэн үндэслэлээр гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдах тов гаргасан ч онцгой байдлын дэглэмийг зөрчиж, бүлгийн хурал хийсэн. Тэр хурлаараа ЧД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч болон Дүүргийн засаг дарга Д.Эрдэнэбатыг хүч түрэмгийлсэн байдлаар сольсон. Үүний дараа Н.Батсүмбэрэл Засаг даргын үүрэг гүйцэтгэж эхлээд сар болоогүй байгаа ч халаа, солио хийгээл эхэллээ. Энэ бүгд хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэж байна. Чингэлтэй дүүрэгт хууль, дүрэмгүй, хүч түрэмгийлсэн арга хэмжээнүүд ноёрхож эхэлж байгаа нь харамсалтай байна” гэж хэллээ.
Түүний ажлаас чөлөөлөх тухай захирамжинд ямар нэгэн ажлаас чөлөөлөх, үндэслэл, шалтгаан байхгүй байсны сацуу түүний оронд томилогдох хүн ч тодорхойгүй байгаа аж.
Дэлхий нийтэд тархсан халдварт өвчинтэй холбоотойгоор урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед ийм арга хэмжээ авч хороог удирдлагагүй болгож, иргэдийн эрхэнд халдаж байна. Миний энэ албан тушаал бол өгч болдоггүй албан тушаал биш. Гэхдээ хууль ёсны дагуу иргэдийн нийтийн хурлаар хуралдуулж, иргэддээ үр дүнгээ тайлагнан явах хүсэлтэй байсан.
Хөдөлмөрийн тухай хуулинд ч Хэн нэгнийг ажил хөдөлмөрөөс чөлөөлөх гэж байгаа бол ямар нэгэн шалтгаан, нөхцөл байдлыг нь дурдсан байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс энэ бол хууль бус. Ажил хөдөлмөрийн хувьд ч ололттой зүйл манай хороонд бий.
Нийслэлийн 173 хороонд зохиогддог шилдэг хороо, хэсгийн ахлагчтай баг шалгаруулдаг уралдаанаас манай хороо 2017 онд шилдэг хэсгийн ахлагчтай баг, 2018 оны дүүргийн хөдөлмөрийн аварга, 2019 оны нийслэлийн шилдэг хороонд хоёрдугаар байр эзэлсэн. Үүнээс миний ажлын чанар харагдана гэж бодож байна. ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад халах нь шударга зүйл мөн үү гэдгийг л асуумаар байна” гэж хэлсэн юм.