Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөөр “Дэлхийн Монгол- Ногоон Нэгдэл” ТББ-ын /ДМНН ТББ/ Тэргүүн Х.Бээжин, Г.Алтанзаяа тэргүүтэй дөрвөн хүн хууль бус “АЛТ”-ны уурхайтай тэмцэж яваад сураггүй алга болж, тэдний унаж явсан машин живсэн байдалтайгаар голоос олдсон байна” гэх зураг бүхий мэдээлэл цацагдаж, олон мянган хүн хуваалцан түгээсэн. Үнэн худал гэх талцал маргаан ч үүссэн билээ. Тодруулбал “ДМНН" ТББ-ын дөрвөн хүн энэ сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Ерөө” голыг автомашинтайгаа гаталж байх үедээ осолдож, гадны нөлөөтэй живж сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан юм. Эл мэдээллийн мөрөөр бид энэ удаагийнхаа “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа бэлтгэн хүргэж байна.
-“ДЭЛХИЙН МОНГОЛ-НОГООН НЭГДЭЛ” ТББ-ЫН ГИШҮҮД СУРАГГҮЙ БОЛЖ,
АМИА АЛДСАН УУ-
Тус төрийн бус байгууллага нь Дэлхийн болон Монголын байгаль орчноо хамгаалах их үйлсэд хүн бүрийн оролцоог идэвхжүүлж, энэ талаарх хууль эрх зүйн орчин, биелэлтэнд хяналт тавьж, үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдал, хохирлын талаар шаардлага тавьж шийдвэрлүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа гүйцэтгэх үндсэн зорилготой аж. Анх 2014 онд байгуулагдаж байсан бөгөөд байгаль орчинг сүйтгэн үгүй хийж байгаа гэмт хэргүүдийг эсэргүүцсэн олон тэмцэл хийж иржээ.
Гэвч уг байгууллагыг халуун дулааны улирал нь эхлэхээр уул уурхайн компаниудаар явж шантааж хийж мөнгө олдог, Ерөө голд осолдсон гэдэг нь ч худлаа, өөрсдөө зориудаар ийм мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд тараасан гэдэг мэдээлэл ч гарсан юм.
Тэгвэл энэхүү хүн сураггүй алга болсон гэдэг мэдээлэл ор үндэсгүй худал аж. Харин голд машин осолдсон нь үнэн ч хүний амь эрсдээгүй гэдгийг мэдээллээд байна. Голын усанд живж байхад Ерөө сумын иргэд аварсан гэжээ. Энэ тухай тэд
“Ерөө голыг автомашинтайгаа гаталж байх үедээ осолдсон ч усанд живж сураггүй алга болж, хүний амь нас эрсэдсэн зүйл байхгүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдсан. Хууль зөрчин үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниудаас болж, гол дотор 3-5 метрийн гүнтэй нүх үүссэн байсан нь осол гарах шалтгаан болсон. Энэ бүхнийг баримтжуулж авсан. Сэлэнгэ аймагт уул уурхайн компаниуд, “нинжа” нар хууль зөрчин үйл ажиллагаа явуулдгаас болж олон сөрөг үр дагавар гарч байгаа тул тэр бүгдэд шаардлага тавьж ажиллахаар явж байгаад осолд орсон. Гэхдээ хүн эндээгүй.
Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа Бугантаас 13 км-ийн зайд Монгол Хятадын хамтарсан Дуламханд захиралтай уул уурхайн компани хууль зөрчиж байгааг баримтжуулж авсан. Тус уурхай Eрөө голын цутгал Угтаал голын гольдирол дотор ажиллаж, мод бургасыг хядаж байсан бөгөөд гурван эксковатор, нэг ковш, усан буу зэрэг техниктэйгээр зургаан хятад хүн ажиллаж, байгаль сүйтгэж байсныг баримтжуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн” гэсэн юм. Тэдний голоор гарах гармыг цүнхээл болгон ухсанаар тэд осолдох болсон тухай “Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэлж байлаа.