Энэ жилийн наадмын нээлтийг бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан нэмэлт хөтөлбөртэй байхаар төлөвлөжээ

Энэ жилийн наадмын нээлтийг бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан нэмэлт хөтөлбөртэй байхаар төлөвлөжээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

Уг хуралдаанаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ. Мөн наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан оройны нэмэлт хөтөлбөр, энтертайнмент арга хэмжээ зохион байгуулна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ болон Хүндэтгэлийн тоглолтын үзэгдэл хоорондын залгааг маш тодорхой болгох, илэрхийлэх гэж буй санаа зорилгоо зөв гаргахад анхаарах, нээлтийн арга хэмжээг орой дахин тоглох учраас гэрэлтүүлгийн асуудлыг цаг алдалгүй шийдэхийг санууллаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид үзэх тул улс орныхоо өв соёл, онцлог байдлыг энгийн ойлгомжтой байдлаар харуулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ зарим орны найрамдалт харилцааг харгалзан үзэж, үзүүлбэрүүдээ бэлдэхийг санууллаа.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багуудын танилцуулгыг хийж, ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтыг эцэслэхээр тогтлоо.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө