Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлаар өнөөдөр Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын хурандаа Ж.Болдбаатар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн. Шаардлагатай техник хэрэгсэл цэргийн ангиудаас гаргаж ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулан инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж, ажлын байраар хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй иргэд энэ сарын 14-ны хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд очиж бүртгүүлээрэй. Монгол улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие биүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн ажил ийнхүү эхэлсэн байна.
Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна
Инженерийн мэргэжлээр
- авто замын инженер
- гүүр хоолойн инженер
- тоо хэмжээний инженер
- геодези, хэмжилтийн инженер
- материал, чанарын инженер
- лаборант/хөрсний/
Техникийн мэргэжлээр
- том оврын автомашины жолооч
- бульдозерчин
- автогрейдерчин
- индүүчин, жолооч
- усны машины жолооч
- шанагат ачигчийн жолооч
- өөрөө буулгагчийн жолооч
- трайллерийн жолооч
- кранчин
- экскаваторчин
Бүрдүүлэх баримт бичиг
- Иргэний үнэмлэх
- Мэргэжлийн үнэмлэх
- Төгссөн сургуулийн диплом
- Төрийн албан хаагчийн анкет
- Цээж зураг-3 хувь
Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс