Халдвартай иргэнийг хил нэвтрэхэд “Төрийн өмчит компани”-ийн зүгээс нөлөөлсөн үү

Халдвартай иргэнийг хил нэвтрэхэд “Төрийн өмчит компани”-ийн зүгээс нөлөөлсөн үү

Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” гэдэг нь тогтоогдоод байна. Коронавирусын халдвар илэрсэн дээрх иргэн нь "Бадрах энержи" ХХК /хуучнаар Арева Майнс/ -нд ажилладаг бөгөөд одоогоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөгч Овоо” кэмпэд тусгаарлагдаад байна. 

Харин манай зарим иргэдийн дунд тус иргэнийг Монголд орж ирэхэд нь “хорионд оруулах гэхэд нь тосч авсан хүн нь дээшээ яриулж оруулсан гэнэ”, “Францын иргэнийг хорио цээрийн дэглэмд оруулалгүй хэн гэж хүн шууд нэвтрүүлэв” зэргээр байр сууриа илэрхийлж, хардаж байна.  

-“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК-ИЙГ АРЕВАМОНГОЛ ХХК, МОН-АТОМ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ-

Тэгвэл коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэний ажилладаг “Бадрах энержи” ХХК-ийг “Аревамонгол” гадаадын хөрөнгө оруулалттай компани, Мон-Атом төрийн өмчит компаниуд өнөөдөр хамтран эзэмшиж байна.  Учир нь 2017 оноос эхлэн Арева Майнс ХХК-ийн 34 хувийн хувьцааг “Мон-Атом” төрийн өмчит компани эзэмших болсноор “Арева Майнс” ХХК нэрээ өөрчилж "Бадрах энержи" ХХК болжээ. 

Улсын бүртгэлийн мэдээлэл

Иймд иргэдийн хардаж байгаачлан одоогийн "Бадрах энержи" ХХК-ийн шугамаар орж ирсэн коронавирусийн халдвартай Францын иргэнийг тусгаарлалт, хөл хорионд оруулахгүйгээр Монгол Улсад чөлөөтэй нэвтрүүлэх ажлыг төрийн өмчит Мон-Атом ХХК-ийн зарим албан тушаалтнуудын зүгээс, эсвэл төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс нөлөөлсөн юм биш гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Мон-Атом ХХК-ийг Эрдэнэс Монгол төрийн өмчит компани 100 хувь эзэмшдэг юм. 

Улсын бүртгэлийн мэдээлэл

-ФРАНЦЫН ИРГЭНД “14 ХОНОГ ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН” НЬ ТҮҮНИЙГ СЭЖИГЛЭХ ҮНДЭСЛЭЛ БАЙСАН УУ-

Харин Улсын Онцгой комиссоос энэ тухай мэдээлэлдээ, “Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй байна. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрлажээ” гэж мэдэгдэж байгаа юм. 

Үүнээс үзвэл тухайн иргэн манай улсын хилээр орж ирэхэд нь түүнээс коронавирусийн халдвартай байж болзошгүй байдал ажиглагдсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улсын онцгой комиссоос шийдвэр гарсны дагуу БНСУ, Иран, Итали, БНХАУ, Японоос ирсэн иргэдийг ямар нэгэн шинж тэмдэг үл харгалзан шууд тусгаарлаж байгаа. Бусад орноос ирсэн иргэдэд 14 хоног өөрийгөө хязгаарлах зөвлөмжийг өгч байна” гэсэн. Иймд түүнийг тусгаарлах нэн тэргүүний шаардлага байхгүй байсан уу гэсэн асуултыг төрүүлж байгаа юм. Учир нь тэрээр нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ.

-БАДРАХ ЭНЕРЖИ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЗУРГИЙГ ХАЛДВАР ИЛЭРСЭН ИРГЭНТЭЙ АНДУУРЧ ЗАРИМ ИРГЭД СОШИАЛД ТАРААЖЭЭ-

Өчигдөр манай улсад суугаа Францын элчин сайд “Франц улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авах”-ыг манай талаас хүссэн. 

Тэгвэл өчигдөр манай зарим иргэдийн “Халдвар авсан Франц иргэн” хэмээн сошиалд нийтэлсэн зураг нь “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Zakariae байжээ. Иймд манай улсын зарим иргэдийг халдвар авсан иргэн гэж Zakariae-ын зургийг нийтлэхгүй байхыг бид энэхүү мэдээллээр дамжуулан хүсэж байна.