Х.Одгэрэл: Охин минь алга болоод сар гаруй боллоо. Одоог хүртэл сураггүй байна

Х.Одгэрэл: Охин минь алга болоод сар гаруй боллоо. Одоог хүртэл сураггүй байна

Нэгдүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ гараад алга болсон бүсгүйн сураг одоог хүртэл гараагүй байна. “Нэгж аваад ирье” гээд гарсан ч гэртээ буцаж ирээгүй охиноо гэнэт л ороод ирэх юм болов уу гэж нас өндөр гарсан аав ээж нь чимээ чагнан, найдлага тээн хүлээсээр л...

н.Наранмандах бүсгүй тус өдөр Баянхошуу орчим гэрээсээ нэгж авахаар гарахдаа утас, цүнхээ гэртээ орхиод гарчээ. Охиноо орой хүртэл хүлээн санаа зовон, гэрийн ойролцоох газруудаар эрж сурсан ч хэл чимээгүй байсан тул арга ядан цагдаад мэдэгджээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр түүнийг МУБИС-ийн орчим камерт бичигдсэн бөгөөд камерын хүрэлцээгүй байдлаас болж цааш нь хаашаа явсныг тогтоох боломжгүй байна гэсэн юм.

Бид Наранмандахын ээж Х.Одгэрэлтэй холбогдон охиноос нь сураг сонсогдсон эсэхийг тодруулсан юм.

Тэрээр “Охин маань гэрээсээ гараад сар гаруй боллоо. Цагдаагийн байгууллагаас хамгийн сүүлд МУБИС-ийн орчимд явж байсан гэсэн мэдээллийг өгсөн. Түүнээс хойш ямар ч хэл чимээ сураг алга. Асуухаар бид хайж байгаа гэж хэлэх юм. Эрүүл, саруул элдэв муу зуршилгүй охин маань хаана байгаа бол, амьд сэрүүн ээж аавдаа гүйгээд ирээсэй гээд л залбирах юм. Хаалга дуугарах, утас хангинах бүрд л охин маань биш байгаа гээд л горьдох юм” гэлээ.

Харин түүний ангийнхан “Наранмандах арван жилийн сурагч байхаасаа л сурлага сайтай, ангидаа манлайлагч, үлгэр жишээ сурагч байсан. МУИС-д урилгаар элсэн, онц дүнтэй төгссөн хүүхэд. Тохитой томоотой, элдэв муу зуршилгүй хүн гэнэт алга болсон гэх мэдээг дуулаад бид их гайхсан. Түүнийг даруухан, зан ааш сайтай хүн байсныг олон хүн батална” гэсэн юм.

Гэр бүл болон найз нөхөд нь түүнийг элдэв муу зуршилгүй, сахилга баттай нэгэн байсныг баталж байлаа. Нэгдүгээр сарын 20-оос хойш хэдийн нэг сарын хугацаа өнгөрчээ. Гэвч түүнээс одоо хүртэл сураг алга.

Түүний ээжийн хэлж буйгаар тэрээр “Урьд нь ингэж олон хоногоор явах нь битгий хэл, хаана, юу хийж байгаагаа, автобусанд суугаад харьж байгаагаа хүртэл утсаар хэлдэг” байсан аж.

Тэрээр гэрээсээ гарахдаа хар ногоон өнгийн малгайтай куртка, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал өмссөн байжээ. Түүнийг харсан, сураг гаргасан хүн холбоо барьж, туслахыг хүсэж байна.

Харин цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.




Өнөөдөр цэлмэг байна

15 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

16 цагийн өмнө