"Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан" гэх П.Батчулууныг 8 жил хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан" гэх П.Батчулууныг 8 жил хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун нь хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авдаг байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн оны есдүгээр /2023.09/ сард цацагдаж, тэрбээр тухайн асуудалтай холбоотойгоор талийгаачийн ар гэрийнхнээс уучлал гуйж байсан билээ. 

Харин уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлснээр тухайн хэрэг олны анхаарлаас гарсан байдаг. Тэгвэл хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авдаг байж болзошгүй гэх П.Батчулуунд холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар эх сурвалжуудаас тодрууллаа. 

Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 захь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. 

Тодруулбал,  түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүсээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэргээр яллагдагчаар татсан байна. 

Улмаар прокуророос тухайн хэргийг энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Харин шүүхээс хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч П.Батчулуунд урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Харин прокуророос шүүгчийн уг захирамжийг эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэн байна.

Уг эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 05-ны /2024.11.05/ өдөр хэлэлцээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. 

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг зөв хэмээн үзэж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.