УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент энэ оны долдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнгөрсөн ес, аравдугаар сард бүх яам, холбогдох агентлагт ажилласан байна. Тодруулбал,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд Д.Баатарсайхан, Д.Нармандах, Э.Мөнхгэрэл, А.Цэцэгмаа, А.Ханджамц, Д.Энхтулга
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яаманд Б.Идэрчулуун, Т.Сосорбарам, М.Алтанбагана, С.Энхжин, Я.Өлзиймөнх, Т.Ууганбаяр
- Зам, тээврийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд Б.Пүрэвдагва, Ч.Бат-Эрдэнэ, Р.Жавзандулам, Д.Даваасамбуу, О.Болор-Эрдэнэ, Ж.Гүррагчаа нар ажилласан байна.
Тэд яам, агентлагууд чиг үүргийн шинжилгээг хууль тогтоомжид нийцүүлэн оновчтой зөв хийсэн эсэх, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлуулж, түүндээ нийцүүлэн албан тушаалын жагсаалт баталж, албан тушаалын тодорхойлолт боловсруулсан эсэх зэрэг чиглэлээр хяналт тавьж, зөвлөн тусалж ажилласан аж. Мөн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьсан байна.
Гэтэл Гадаад харилцааны яаманд шалгалт хийсэн Ажлын хэсгийн ахлагч Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва нь шалгалтын дараа буюу энэ сард тус яамны зардлаар Турк улсад аялаад ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодотговол, тэрбээр тус улсад суралцдаг охинтойгоо уулзахын тулд Турк улсад аялсан байж болзошгүй байгаа бөгөөд зардлыг нь Гадаад харилцааны яам гаргаж, үүнийгээ нууцалж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ингэхдээ Япон улсад дөрөв, Турк улсад найман төлөөлөгч аялсан байна. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, ТАЗ-ийн гишүүн Ц.Амартөгс тэргүүтэй ТАЗ-ийн таван төлөөлөгч Гадаад харилцааны яамны зардлаар Канад, Америк орноор ирэх арванхоёрдугаар сарын 01-10-ны хооронд "зугаалах"-аар бэлтгэл ажил нь хангагдаад байгаа аж. Ингэхдээ тэд "Зугаалга"-аа өнгөлөн далдлахын тулд "уулзалт зохион байгуул" гэж хоёр улсын Элчин сайдын яаманд үүрэг өгсөн байна.
Хяналт шалгалт хийсэн яамныхаа зардлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүд, ёс зүйн хорооны дарга нь өөрөө ийнхүү хяналт шалгалт хийж, ажилласан яамныхаа зардлаар гаднын улсад ажиллах нэрээр "аялж, зугаалж" байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Магадгүй энэ бүхний цаана ямар нэгэн эрх ашиг, сонирхол байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.