Иргэдийг халтиргаа гулгаанаас сэрэмжлүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч Б.Наранхүүгээс дараах зүйлсийг тодрууллаа.
ВИДЕО:
-Халтиргаа гулгааны улирал эхэлж байна. Танай эмнэлэгт өнөөдрийн байдлаар явганаас бэртэж гэмтсэн хичнээн хүн ирсэн байна вэ?
-Халтиргаа гулгаа одоогоор эрс нэмэгдээгүй байна. Гэхдээ өчигдрийн байдлаар гэхэд зөвхөн халтиргаа гулгаатай холбоотой 44 өвчтөн ирсэн. Тэдний 7 нь хүүхэд байлаа.
-Халтирч гулгах эрсдэл тэгш зам талбай, гялгар плита дээр элбэг тохиолддог. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Юуны өмнө иргэд зам талбайгаа зөв сонгож чадаагүй, гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зам талбайгаар зорчсоноос болж бэртэж, гэмтэх тохиолдол их байна. Мөн бага насны хүүхэд хараа хяналтгүй, анхаарал болгоомж алдсанаас болж бэртэж байна. Халтиргаа гулгаа зайрмагтсан, мөстсөн гялгар плита, тэгш талбайд үүсч байгаа тул албан байгууллагууд гадаах талбайгаа цэвэрлэх, гулгалтаас сэргийлэх наалт наах зөвлөмжийг бид хүргэж байна.
-Халтиргаа гулгааны оргил үе эхлэх гэж буйтай холбогдуулан иргэд, олон нийтэд ямар зөвлөгөө зөвлөмж өгөх вэ?
-Иргэд эхний ээлжинд гутал хувцсандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Халтирдаггүй гутал, бээлий үргэлж өмсөх гэх мэт. Бээлийгүй хүн гараа халаасандаа хийж явдгаас болж ямар ч хяналтгүй арагшаа савж унадаг. Хоёрт, иргэд боломжоороо гэрэлтүүлэгтэй замаар зорчих хэрэгтэй. Ингэснээр зам талбайгаа харж, үзэгдэх орчин хязгаарлагдмал газраас зайлсхийж, зорчих талбайг сайн сонгох хэрэгтэй. Үүнээс гадна ахмад настай буюу хөдөлгөөний эрчим удааширсан иргэдийг ганцаар зорчуулахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр иргэд халтирч гулгавал аарцаг нуруу, дунд чөмөгний яс нь гэмтэх эрсдэлтэй тул үргэлж харгалзах хүнтэй зорчуулж байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдийг хүүхдээр харуулж, цэцэрлэг сургуулиас авахуулдаг явдал бий. 13-14 настай хүүхэд таван настай хүүхдийн хажууд том харагддаг ч бага насны хүүхэд гэдгийг санах хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулснаар бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэл бий.