Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 07-ны өдөр болж, 4.9 жилийн ялыг нь хэвээр үлдээсэн билээ.
Улмаар Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч нараараа дамжуулан хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл гомдол гаргах эрх нь нээгдээгүй байна. Тодруулбал, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарт бичгээр өгөх ёстой сүүлийн хугацаа нь энэ оны арваннэгдүгээр сарын 25-н байсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ийнхүү бичгээр албажиж ирснээс хойш 14 хоногийн хугацаанд өмгөөлөгч нар нь Дээд шүүхэд гомдол гаргах эрх нь үүсэх юм. Дээд шүүх өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцээд, хэлэлцэхээр зөвшөөрвөл шүүх хурлын тов гарна гэсэн үг.