Сүүлийн өдрүүдэд найман нэрийн хүнсний дэлгүүрүүдэд гурилын нийлүүлэлт тасарсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
ВИДЕО:
Тодруулбал, өнөөдөр /2024.11.09/-ний өдрийн байдлаар зарим дэлгүүрт гурилын нийлүүлэлт арав хоног тасарсан тул дэлгүүрийн эзэд өөрсдөө “Барс” захаас очиж авсан гэж байв. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар, “Улаанбаатар, "Алтан тариа"-н нэгдүгээр гурил үйлдвэрээсээ тасарсан гээд ирэхгүй байгаа. Том дэлгүүрүүд нөөцөө сайн бэлдсэн болохоор одоогоор тасраагүй байх шиг байна” гэж ярив. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөллөөс "Гурил үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа эсэх"-ийг тодруулахад "Улаанбуудайн нийлүүлэлт дээр бага зэргийн асуудал үүсээд байгаа. Бид гурил үйлдвэрлэлээ бууруулж байгаа хэдий ч аль болох бүх дэлгүүрт хангалт хийхийг хичээж байна" гэсэн юм.
Ингээд бид гурилын түүхий эд улаан буудайн ургац хураалт ямар байгааг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тодруулахад, “Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад нэгж талбайгаас авах ургацын хэмжээ дунджаар 2 центнр га-гаар буурсан хэдий ч хураан авсан улаанбуудайн чанар сайн, болц жигд, цавуулаг өндөртэй байна” гэдэг хариултыг өгөв.
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн хавар импортын гурил гаалиар татваргүй орж ирдэг болсноор дотоодын улаанбуудайн тарилт 20 хувиар буурч, 56 мянган га-аар үр тарианы тарилт багасаад байна. Тариаланчид энэ байдлаараа цаашид үргэлжилбэл ирэх онд үр тариа, улаан буудай тариалах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд “хугацаагүй” батлагдсан хуулийн үйлчлэлийг “хугацаатай” болгох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлж байсныг нотолсон явдал дээрх болж байна.
-ДОТООД ГУРИЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАЖ БАЙГАА НЬ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ЧӨЛӨӨЛСӨНТЭЙ ХОЛБООТОЙ-
Монгол Улсын хуульд стратегийн хүнс гэдэгт “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаанбуудай, гурил, ундны ус” гэж заасан байдаг. Харин гадны улс орнууд стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэхийг чухалчилж, импортын квот төдийгүй татварыг өндөр тогтоодог. Энэ нь стратегийн хүнсээ өөр нэг улсаас хараат болгохгүй гэсэн бодлого ч байхыг үгүйсгэхгүй юм.
Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2024 оны гуравдугаар сард “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Үүнд стратегийн хүнс гурил, улаанбуудай орж байгаа бөгөөд гурил импортоор татваргүй оруулж ирэх хууль хэрэгжиж эхэлсэн нь дотоодын гурил үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар эх сурвалжаас тодруулахад, "Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн нь гурилын үйлдвэрлэл буурахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь үнэн. Импортоор ялангуяа нэгт гурил их хэмжээгээр орж ирж байгаа учраас бид дээд, дээдийн дээд, ширхэгтэй гурилаа илүүтэй үйлдвэрлэж байна" гэсэн юм.