Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хохироосон согтуу жолоочид 4 жилийн хорих ял оноожээ

Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хохироосон согтуу жолоочид 4 жилийн хорих ял оноожээ

СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.11.08/ боллоо.  

Шүүхээс иргэн Р.И-г согтуурсан үедээ "Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын “Содон Car Wash” авто угаалгын газрын урд замаар зорчиж явсан дугуйтай зорчигч иргэн Э.Г-г мөргөж зам тээврийн осол гарган уг ослын улмаас иргэн Э.Г-д амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учирч амь нас хохирсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Иймд Р.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно. /Уг зүйл анги нь 1-5 жил зорчих эрх хязгаарлах, 2-8 жилийн хорих ялаас сонгон оногдуулах ялтай/
Мөн уг хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118,800,000.00 төгрөгийг шүүгдэгч Р.И-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ч-д олгохоор шийдвэрлэв.