Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гурван настай хүүхэд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 15-ны /2024.01.15/ өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач охины аав "Охинд нь буруу эмчилгээ хийснээс болж, амь насаа алдсан талаар олон нийтэд хандан мэдээлж, уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаараа мэдэгдэж байсан юм.
Тэгвэл тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, прокуророос тус хэрэгт Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэн нарыг яллагдагчаар татан, улмаар Эрүүгийн хуулийн 15.1-3 буюу эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тус шүүхээс хэргийг хэлэлцээд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэнийг Г.Энхбилэгийн гурван настай охин амь насаа алдахад эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэм буруутайд тооцож, Ё.Бадамжавын эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноосон бол Х.Бадамсүрэнийг эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноосон байна.
-АМИА АЛДСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ ХОХИРОЛД 10.4 САЯЫГ ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ-
Мөн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс хохирол 10.4 сая төгрөгийг төлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргажээ. Харин хэргийн оролцогч нар уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа аж. Уг гомдлыг хэлэлцэх хурал товлогдсон ч шүүгдэгч Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэн нар нь өмгөөлөгч хэргийн материалтай танилцахаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу өдгөө шүүх хурал хойшлоод байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, хохирогч Г.Энхбилэг нь "Ханиад хүрсэн ч инээгээд гүйж явсан гурван настай охиноо эмчлүүлэхээр Баянгол дүүргийн эмнэлэг рүү тэвэрч ороод шарилыг нь аваад гарсан"-даа гомдолтой байгаагаа хэлж, эмч нарын хайхрамжгүй, хүнд сурталаас болж, дахин хэн нэгэнд ийм харамсалтай явдал бүү тохиолдоосой хэмээн өгүүлж байсан талаарх ярилцлагыг хүргэж байна.
ВИДЕО: