Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2024.11.07/ болж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ.
Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин өмгөөлөгч нар үүнтэй санал нийлэхгүй байна. Хуулийн хүрээнд Хяналтын журмаар гомдол гаргах эрх байгаа. Бид тэр хүртэл явна. Бидний үйлчлүүлэгч маш тайван байгаа” гэлээ.
Мөн Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Р.Булгамаа, “Өнөөдрийн шүүхийн шийдвэр Монголд хүний эрхийн байдал ямархуу байгааг харууллаа. Улсын яллагч нараас хэргийн талаар асуулт асуухад тодорхой үр дүнтэй хариулт гарахгүй байсан. Улмаар бид шүүхийн шийдвэрийг бодитоор гарна байх гэж найдсан. Гэвч ийм шийдвэр гарсанд гайхаж байна. Энэ асуудал хэзээ нэгэн цагт нууцаас гарч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн үнэн илрэх өдөр ирэх байх. Үндсэндээ хууль зүйн шинжлэх ухааны үүднээс энэ удаагийн шүүхийн шийдвэрийг тайлбарлах боломжгүй байна. Би өөрөө ч энэ шийдвэрийг сонсоод үнэхээр гайхаж хүлээж авлаа" гэлээ.