Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Сангийн яам гэнэт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэж ярьсан мэтээр илт худал мэдээллийг “Enkhmend Surenjav” гэх хуурамч хаягнаас олон нийтийн цахим сүлжээнд тарааж, төрийн байгууллагын ажил хэргийн алдар хүндэд санаатайгаар халдлаа” гэх гомдол, мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн.
Гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад “Enkhmend Surenjav” гэх цахим хаяг нь хуурамч болох нь тогтоогдож, гомдолд дурдагдсан асуудал нэвтрүүлгийн үеэр яригдсан эсэхийг тогтоох зорилгоор бичлэгийг хуулбарлан авахаар NTV телевизэд албан бичгийг хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Энхтүвшинг дээрх гомдол, мэдээлэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.