Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хамтран “Транзит Монгол-2019” форумыг өчигдөр зохион байгуулагдлаа.
Эл форумыг 2017 онд Бээжинд зохиож байсан бол, өнгөрсөн жил ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байжээ. Үүнд БНХАУ, ОХУ-ын төмөр замын төлөөлөгчид оролцон гурван талт төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн жилийн форумын үр дүнд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгджээ.
Түүнчлэн дамжин явах галт тэрэг ихэссэнээр транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болон өссөн үзүүлэлттэй байгаа аж. Мөн ОХУ-аас БНХАУ-руу явахад дайран өнгөрдөг хугацааг 28 цаг болгож хурдасгасан нь гурван улсын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын дарга Д.Жигжиднямаа “Юуны өмнө Баян-Өлгий аймгаас ОХУ-ын чиглэлд баруун босоо тэнхлэгийн олон улсад ашиглах төмөр зам энэ онд ашиглалтад орно. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын зам тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд эхнээсээ хэрэгжиж, цаашид төмөр замын хөгжлийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд илүү өргөтгөх боломжтой болоод байгаа юм. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд ачаа тээх чадварын хэмжээ 28 сая тоннд хүрэх тооцоо бий” гэжээ.