-ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙГЭЭР АНГИ БҮРЭЭС ЗУРГААН ХҮҮХЭД ХАСАХЫГ БАГШ НАРТ ҮҮРЭГДЖЭЭ-
Нийслэлийн 65 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл манай сайтад хандсанаар бид энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Нийслэлийн тэргүүний Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б нь ямар ч шалтгаангүйгээр анги бүрээс зургаан хүүхэд хасахыг багш нараасаа шаардаж, дарамталдаг тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Б томилогдон ажиллажээ. Үүнээс хойш Тавдугаар сарын 30-ны өдөр захирал Б багш ажилчиддаа хурал хийж нэг ангиас ямар ч үндэслэлгүйгээр зургаан хүүхэд хасах үүргийг аман байдлаар өгчээ. Ингэхдээ дарга цэрэг нарын тушаалаар орж ирсэн хүүхдүүдийг битгий хасаарай, хасах хүүхдүүддээ харьяаллын бус гэдэг шалтгаан хэлэхийг анхааруулсан байна. Энэ тухай тэрээр “Дарга нарын тушаалаар орж ирсэн хүүхдүүдийг битгий хасаарай. Тэд хоёр гурав хоногийн дараа ганц утасдуулаад л буцаад хүрээд ирдэг юм. Амьдралын боломж тааруу хүүхдүүдээс эхлээд хас. Миний өрөөнд гомдол гаргаж орж ирэхгүйгээр цаагуураа зохицуулаарай” гэсэн байна. Мөн хоёр багшийг ажлаасаа гарахыг удаа дараа шаардаж, янз бүрийн шахалт дарамт үзүүлж буй аж.
Үүний дагуу зарим багш нар ангидаа хурал хийж зургаан хүүхэд хасах үүрэг авсан тухайгаа эцэг эхчүүдэд учирлаж, мөн ажлаас халагдах гэж байгаа тухайгаа хэлжээ. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ хасуулахгүй, ангийн багшийг нь ч солиулах хүсэлгүй тул захирал Б-д тавдугаар сарын 31-ний өдөр өргөх бичиг гаргажээ. Тус өргөх бичгийн хариуг захирал Б өнгөрөгч Даваа гарагт буюу зургадугаар сарын 03-ны өдөр албан бичгээр өгөхөөр тохирсон байна. Гэвч албан бичиг өгөх өдрөө эцэг эхчүүдийг ёс бус үг хэллэгээр доромжилж, улмаар зодох гэж дайрсан тухай эх сурвалжууд бидэнд хэлж буй юм. Тухайн үед эцэг эхчүүдийг “Хэдэн авгай нар минь зайлаарай. Та нарын хүүхдүүдийг хасаагүй юм бол болоо юм биш үү. Явдаг газраараа яв” /зэрэг олон ёс бус хэллэгээр доромжилж/ салаавчаа гаргасан байна. Харин багш ажилчидаа “Навсайсан бөөстэй, хуурстай авгай нар” хэмээн байнга доромжилдог бөгөөд эдгээр нь үгс нь дөнгөж наад захын жишээ болох тухай хэлж байлаа.
-ХАРЬЯАЛЛЫН БУС ЦАГДАА НАРЫГ АВЧ ИРЖ БАГШ НАРЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖЭЭ-
Үүний дагуу багш ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл Нийслэлийн боловсролын газар, Ёс зүйн хороо, АТГ-т хандаж албан бичиг өгөөд байгаа аж. АТГ-т бичиг өгснийг сонсоод хоёр ажилтныг өрөөндөө дуудан оруулж ирж хаалгаа цоожлон халаасыг нь нэгжиж, утсыг нь хураасныхаа дараа “АТГ-т өгсөн бичгээ буцааж авч ир” хэмээн дарамталсан байна. Мөн багш ажилчидаа харьяаллын бус “Цагдаагийн хэлтэсээс” цагдаа нарыг авч ирж, айлган сүрдүүлж, дарамтлуулсан тухай ч хэлж байв. Түүнчлэн нийслэлийн боловсролын газар бичиг өгсөн гэдгийг дуулаад “Хэдэн тэнэгүүд минь миний найз дээр аваачаад өгчихсөн байна шүү дээ” гэдэг аж.
-65 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ Б 2018 ОНД ХОТЫН ДАРГЫН ТУШААЛААР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БАЙЖЭЭ-
Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б нь 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Ингэхдээ авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаад ийнхүү 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд буцан ирж дээрх нөхцөл байдлыг үүсгээд буй ажээ.
Энэ тухай ажилчид нь хэлэхдээ, “Захирал Б нь 2012 оноос хойш 65 дугаар цэцэрлэгт ажилласан. Сүүлийн нэг жил авлигын хэргээр шалгагдаж байгаад шүүхээр орж эрхлэгчийн албан тушаалдаа дахин ирээд байгаа нь энэ” хэмээн ярьж буй юм.