Харвардын оюутан А.Илман Ерөнхий сайдын санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д судлаачаар дадлага хийсэн талаар тус сургууль вэб сайтдаа мэдээлжээ

Харвардын оюутан А.Илман Ерөнхий сайдын санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д судлаачаар дадлага хийсэн талаар тус сургууль вэб сайтдаа мэдээлжээ

Кеннедийн сургуулийн магистрын ангийн оюутан Ассыфа Сзами Илман, Луанна Жян нар зуны амралтаараа Монголд дадлага хийсэн тухай Харвардын их сургууль вэб сайтдаа мэдээлжээ.

Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д судлаачаар дадлага хийж, Монголын эрчим хүч боловсруулах чадлыг нэмэгдүүлэх төсөл дээр төвлөрөн ажилласан байна.  Энэ талаар А.Илман, “Монгол улс 2030 он гэхэд эрчим хүчээ хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Гэвч одоогоор Хятад, Оросоос эрчим хүч экспортоор авдаг, ЗХУ-ын үеийн цахилгаан станцууд нь хуучирсан байдалтай байна. Тиймээс эрчим хүчийг өндөр үнээр авдаг. Харин шинээр бүрэлдсэн Засгийн газар эрчим хүчний чадлаа сайжруулах арга замыг эрэлхийлж байна” гэжээ.

Мөн Монголын нүүдэлчин соёлыг таньж, уламжлалт гэрт орж, монгол хоол идэх зэргээр дурсамжтай зуныг өнгөрөөснөө хуваалцсан байна. А.Илман дадлагаа дуусгаад буцахын өмнө гадаад пасспортоо гээсэн ч орчуулагч нь цахим орчинд зар тавьснаар олон хүнд хүрсэн байдаг.

Эх сурвалж: Harvard Kennedy School