Өмнөд Америкийн умард хэсэгт оршдог Венесуэл улсад сүүлийн 6 жилд эдийн засаг болон улс төрийн хямрал нүүрлээд байгаа. Ерөнхийдөө улс төрийн хямрал нь эдийн засгаа унагасан гэж хэлж болно. Нөгөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “хоолны хордлого нь хөлдөө орсон” гэдгээс илүү бодитой дүгнэлт шүү.
2013-2018 оны хооронд Николас Мадуро төр барих хугацаанд Венесуэлийн эдийн засаг 47,7 хувиар буурсан. Хямралынх нь гол шалтгаан нь компаниудыг төрд шилжүүлэх явцыг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг Венесуэлээс бараг л хөөж гаргасан. Ингээд төсвийн хомсдолыг бууруулах, олон тооны нийгмийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд Венесуэлийн төв банк бэлэн мөнгө ихээр хэвлэж, улсынхаа инфляцыг нэг мөр хөөрөгдсөн юм. 2018 онд энэ улсын инфляцын түвшин 1,3 саяд хүрсэн бол энэ онд 10 сая орчим хувьд хүрнэ гэсэн мэдээлэл байна.
Манай зарим улс төрчдийн ёсолгоо, үг хэллэг Венесуэлийг газардуулсан Мадуротай тун төстэй. Сүржин ярина, шударга ёс шаардана.
Үхэхээс ч айхгүй гэж попорно. Үнэндээ төрийн тусгай хамгаалалттай яваа тэр нөхрийг хэн ч алах вэ дээ. Зөвхөн түүний хоолыг зөөлгөх гэж төрөөс гаргадаг тусгай хүнийг хүртэл томилдог юм шүү дээ.
Цаашлаад олны анхааралд өртөх сэдэв хүртэл өмчилнө. Өөрсөддөө “Шударга таван гишүүн” гэж нэр өгсөн нөхдүүд ч бий. Манай улс төрд энэ үзэгдэл 2017 оноос хойш идэвхижсэн. Учир нь эдгээр нөхдүүд 2020 оны сонгуулийн бэлтгэлдээ аль эрт орсон байж. “20 оны сонгууль ямар системээр явагдахыг түрүүлээд мэдсэн байна шүү” гэж хардаж болно.
Энэ даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 2020 оны УИХ-ын сонгуулийг “Монгол улсыг нэг тойрог байх нь зүйтэй” гэдэг шийдвэрт хүрсэн гэж мэдээлсэн.
Нэг улс, нэг тойрог гэдэг нь улс төрийн нам 76 хүртэлх хүнийг (76-гаас доош хэд ч байж болно) нэр дэвшүүлэх бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлна гэсэн үг аж. Улсын хэмжээнд нийтдээ 1000 хүн УИХ-д нэр дэвшлээ гэхэд иргэдээс хамгийн олон санал авсан 76 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм байх.
Хэрэв 2020 оны сонгууль ийм системээр явагдвал 76 Жавхлан л УИХ-д сонгогдоно. Боловсрол мэдлэгтэй залуу үе л лав гарч ирэхгүй.
Нөгөө л 10 дүрсэн лептон цай шиг болсон хөгшин улс төрчид, бөх, дуучин л сонгогдоно. Ийм системээр явбал улс төрийн намууд Ард түмэнд сонголтгүй, сонголт буюу "иргэд танина" гэдэг нөгөө л хууччуулаа, тулгана. Яагаад гэхээр сурталчилгааны 14 хоногт Харвардын их сургууль төгссөн н.Батаа танигдаж чадахгүй учраас тэр.
Сүүлийн үед сошиалд “Харьсан бөх, Таргалсан мисс, Тарсан хамтлаг төрд гарч, Инженер, Эмч, Багш нар Солонгос явдаг болж дээ” гэж бичээд байсан. Нөгөө талаараа Монгол улс нэг тойрог болбол ийм л парламент жинхэнэ утгаараа бүрдэнэ. Зохиолын дууны нэг эзэн ч гараад ирэх юм билүү, хэн мэдлээ.
Популизм, сүржигнэл хоёр улсыг хэрхэн сүйрүүлж болдгийн тод жишээ болсон Венесуэл улс манай улстай хоёр зүйлээрээ тун төстэй, зовлон нэг. Учир нь Венесуэл улс нефттэй бол манай улс нүүрстэй, хоёулаа боловсрол мэдлэг тун маруухан, сүржин улс төрчдөөр улсаа удирдуулдагт л байгаа юм.
2020 оны УИХ-ын сонгуулийг ямар системээр явуулах нь зөв бэ?
Нийт: 9 саналтай