Бусдын байшинг галдан шатаасан зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа оргон зайлсан Г.Ган-Очирыг шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ

Бусдын байшинг галдан шатаасан зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа оргон зайлсан Г.Ган-Очирыг шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ

Бусдын байшинг шатаасан хэргээр иргэн Г.Ган-Очир шалгагдаж байхдаа оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,  иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан юм.

Тэрбээр Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1 /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны 7 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байдаг. 

Тиймээс Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн байна. Харин Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2 жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос манай улсын хуулийн байгууллагад мэдээлэл ирүүлсэн байна. Харин интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж эхэлжээ. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө