ШУУРХАЙ: "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс"-ын Д.Дагвадорж нар "хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өгөөгүй" хэрэгт татагдан, эрэн сурвалжлагдаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс"-ын Д.Дагвадорж нар "хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өгөөгүй" хэрэгт татагдан, эрэн сурвалжлагдаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийг шүүхийн эрэн сурвалжлалтаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл түүнийг иргэний хэргийн хариуцагчаар татан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар нь бусдаас хууль зүйн туслалцаа авсан ч түүнийхээ хөлсийг өгөөгүй байна. Тиймээс хохирогч иргэн Э нь шүүхэд ханджээ.

Энэ дагуу шүүхээс Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарт иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэл гардуулахаар шүүхийн дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тухайн хариуцагч нар шүүхийн дуудсан хугацаанд ирээгүй байна.

Тиймээс шүүхээс тэднийг есдүгээр сарын 06-ны өдөр албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, улмаар эрэн сурвалжлах тухай захирамж гаргасны дагуу тэднийг эрэн хайж эхэлжээ.

Иргэний хэрэгт хариуцлагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар нь "Нүүрсний хэрэг"-т мөн яллагдагчаар татагдаад юм. Тэдэнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.