ВИДЕО: 2,9 тэрбумаар явган хүний зам барих ажилд "Чингисийн отог" ХХК шалгарч мөнгөө авсан ч зам нь тавигдалгүй, М.Оюунчимэгийн сонгуулийн шоу болоод "дуусжээ"

ВИДЕО: 2,9 тэрбумаар явган хүний зам барих ажилд "Чингисийн отог" ХХК шалгарч мөнгөө авсан ч зам нь тавигдалгүй, М.Оюунчимэгийн сонгуулийн шоу болоод "дуусжээ"

Сүүлийн үед нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлыг иргэд өөр өөрийнхөөрөө хүлээн авч, зарим иргэд шүүмжилж буй бол нөгөө хэсэг нь "Урд өмнө нийслэлд хийгдээгүй бүтээн байгуулалт болж байна" хэмээн сайшааж байгаа юм. 

Өдгөө нийслэлд хийгдэж буй авто зам болон явган хүний замын ажлын тендер сонгон шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сараас явагдаж, гүйцэтгэгч компаниуд нь шалгарч, зарим ажлууд нь эхнээсээ дуусаж буй. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө тендер сонгон шалгаруулалт нь явагдаж, гүйцэтгэгч компани нь санхүүжилтээ авсан боловч замын ажил нь хийгдээгүй, тэр ч байтугай тухайн явган хүний зам нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулаад байгаа асуудлыг бид энэ удаад "Асуудлын мөрөөр" булангаараа хөндөж байна. 

ВИДЕО: 

-БХБЯ-НЫ ЗАХИАЛГАТАЙ 3 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ТЕНДЕРТ "ЧИНГИСИЙН ОТОГ" ХХК ШАЛГАРЧ, МӨНГӨӨ АВСАН Ч АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ ХОЁР ЖИЛ БОЛЖЭЭ-

Одоогоос хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Самбалхүндэвийн зам буюу олны нэрлэж заншсанаар "Далан давхар"-ын урд талын явган хүний замыг засаж, шинэчлэхээр тендер сонгон шалгаруулалт зарлагдаж байжээ. БХБЯ-ны захиалгатай "Жишиг гудамж тохижилтын төсөл" нэртэй уг тендерт "Чингисийн отог" гэх компани шалгарч, улмаар гэрээ байгуулсан байна. 

"Жишиг гудамж тохижилтын төсөл"-ийн хүрээнд хийгдэх 1.1 км явган хүний зам, гэрэлтүүлэг, бродюр солих ажлын төсөвт өртөг нь 3 тэрбум төгрөг байсан бөгөөд "Чингисийн отог" ХХК нь 2 тэрбум 947 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тендерт сонгон шалгарч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтийн дийлэнх хувийг авсан байна. Гэвч тухайн явган хүний замын ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй аж.

"Далан давхар"-ын урд талын явган хүний зам 2024.09.21

Тиймээс бид тухайн байршилд очиж, нөхцөл байдлыг сурвалжлахад замын хажуугийн бродюрыг хуулж, авто замын зорчих хэсэг болон явган хүний зам дээр хаясан, мөн явган хүний зам дээр элс, хайрга асгасан байдалтай байв. Энэ нь явган хүн зорчиход хүндрэлтэйн дээр автомашинтай иргэдийн зорчих боломжийг хязгаарлажээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн О "Энэ замыг хоёр жилийн өмнө л засна гэж ярьж байсан. Гэтэл засаж, сайжруулах нь байтугай улам эвдэж сүйтгээд хаячихсан. Одоо энэ замаар явах үнэхээр хүндрэлтэй байна" хэмээсэн юм. Мөн тухайн замаар зорчиж байхдаа авто зам руу хуулж хаясан бродюрт дугуйгаа хагалсан жолооч "Замын зорчих хэсэг рүү хуулсан бродюрыг хаяснаас болж замын зорчих хэсэг нарийсаж, эсрэг урсгалын автомашиныг мөргөхгүйн тулд бродюр мөргөөд хоёр дугуйгаа хагалчихлаа. Иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд заналхийлж байгаа энэ мэт хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцож, замыг нь шуурхай засварлуулах шаардлагатай байна" гэсэн юм.

3 тэрбум төсөвтэй "Жишиг гудамж тохижилтын төсөл"-ийн тендерт "Чингисийн отог" ХХК шалгарчээ

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.ОЮУНЧИМЭГ 1.1 КМ ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ 3 ТЭРБУМААР БАРИХ ТӨСВИЙГ БХБЯ ДЭЭР ТАВИУЛЖ БАЙСАН БАЙНА-

Тухайн явган хүний замыг шинэчлэх төсвийг Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг БХБЯ дээр тавиулж, үүгээрээ сонгуулийн шоу хийж байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэтэл улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгөөр хийгдэх тухайн явган хүний замын ажлын санхүүжилт нь олгогдсон ч хоёр жил орчмын хугацаанд хийгдээгүй байхад үүнд яагаад хяналт тавьсангүй вэ гэдэг нь энд анхаарал татна. Угтаа Барилга хот байгуулалтын яамны захиалгатай тус ажлын гүйцэтгэлд Барилгын Хөгжлийн төв хяналт тавих учиртай аж. Гэвч тухайн байгууллага үүнд анхаарал хандуулахгүй өнөөдрийг хүрчээ. Энэ нь нөгөө л төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үгийг санагдуулах. Угтаа хувийн хэвшилд улсын төсвийн 3 тэрбум орчим төгрөг өгчхөөд ямар ч ажил хүлээж аваагүй байгаагийн цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байгаа юм биш биз гэх хардлагыг ч төрүүлж байна. 

"Далан давхар"-ын урд талын явган хүний зам 2024.09.21




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө