"Нярай хүүхдээ хаясан иргэнд 5 жил хүртэл хугацаагаар хорих" яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Нярай хүүхдээ хаясан иргэнд 5 жил хүртэл хугацаагаар хорих" яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41298, мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 445 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 1 хэрэг байна.     

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн Н.О, З.Ө, Н.О нар нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Ц.Э нь цахим хэрэгсэл ашиглан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/, 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.

Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 16.3.1-д "Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.