Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.09.17/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.
П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар П.Лхагвасүрэн нь өөрөө болон төрсөн хүү, хоёр охиноо БЗС-гийн хөрөнгөөр сургасан байдаг аж. Бид дээрх шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.