Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx Секс цагаан богд буюу рэппер Б.Гантулгын эмэгтэй хүн зодсон байж болзошгүй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улмаар Б.Гантулгыг бусдын биед халдсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгуллагаас шалгаж эхэлсэн юм. Тэгвэл түүнд зодуулсан гэх эмэгтэй нь түүний найз охин Н.Урин байсан талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Энэ талаар Н.Урин, "Сайн байцгаана уу? Н.Урин миний бие өчигдөр орой цахим орчинд цацагдсан бичлэгийн тухай энэхүү постыг бичиж байна. Тус бичлэг нь миний найз залуу Сексцагаанбогд буюу Б.Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан дүрс байв.
Өчигдөр шөнө 00.00 цагийн үед энэхүү бичлэг надад мессежээр ирэх үед таг гацаж, цээж харанхуйлав. Учир юу вэ гэвэл энэ бичлэг бол миний үнэн. Энэ хүн үнэхээр би. Би өөрийгөө, өөрсдийгөө ийм нөхцөл байдалтайгаар анх удаа л ийм ил хуль, ийм нүд хальтрам хөндлөнгийн өнцгөөс харав. Би ичиж, балмагдаж байна.
Намайг өдийг хүртэл хүндэлж, хайрлаж, чин сэтгэлээсээ дэмжиж ирсэн үзэгч сонсогч та бүхнийхээ санааг чилээсэндээ, ийм зохисгүй дүр зургийг үзүүлсэндээ уучлал хүсч байна. Миний үнэнд бид хоёрын сэтгэлийн ёроолын харанхуй үгс, нулимс, гомдол хорсол, уур хилэн ямар ч хосын адилаар эргэлзээгүй их бий боловч гагцхүү нударга л байхгүй юм шүү
Бидний хайрын түүхийн хамгийн гэгээлэг мөчүүд та бүхэнтэйгээ хамт цэцэглэсэн юм хойно хамгийн хар бараан мөчүүд маань ч та бүхний л өмнө үнэнээ олж буй нь зүй ёсных биз ээ. Төгс хүн гэж үгүй ч гэлээ урьдах амьдрал урт тул төлөвших, суралцах, сайжрах зүг рүү ямх ямханаар дөхөн мэрийх хугацаа бид бүгдэд бий нь хамгийн том завшаан. Ийнхүү өөртэйгөө, бас та бүхэнтэйгээ нүүр тулж буй сонголтыг минь зөвөөр хүлээн авч, магадгүй энэ удаа надаас үлгэр биш сургамж авамз ээ гэх найдлага дор энэхүү бичвэрээ өндөрлөе. Анхаарлаа харамгүй хайрлан уншсанд баярлалаа. Энэ явдлаас эргэцүүлэн гайхшрахад, урлаг хувийн амьдралд минь хатуу хандахыг үзсэн боловч дуслын чинээ улс төрийн хор бол дэндүү өөр түвшнийх байдаг бололтой! Дэндүү дор түвшнийх ч гэх үү, дэндүү өндөр түвшнийх ч гэх үү...” гэжээ.