ШУУРХАЙ: Монгол Улсын хилээр галт зэвсэгтэй нэвтрэх гэсэн ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Красновыг хил дээрээс нутаг буцаажээ

ШУУРХАЙ: Монгол Улсын хилээр галт зэвсэгтэй нэвтрэх гэсэн ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Красновыг хил дээрээс нутаг буцаажээ

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарын албаны хүмүүс энэ сар 15 /2024.08..15/-ын өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгвэл тус айлчлалын бүрэлдэхүүнд багтах байсан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Красновыг манай улсын хилийн шалган нэвтрүүлэх албанаас Монгол Улсад нэвтрүүлээгүй буцаасан талаар албан бус эх сурвалж мэдээллээ. 

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын манай улсад байх үеийн зураг. 2024.08.15

Тодруулбал, Өрнөдийн орнуудын нөлөөнөөс Монгол Улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьж байсан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов нь Хойд солонгос /БНАСАУ/-д албан ёсны айлчлал хийж, улмаар тус улсаас буцах замдаа А.А.Козловын айлчлалын бүрэлдэхүүнд багтан, манай улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан аж.

Ингээд ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов манай "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардаж, Монгол Улсын хилээр галт зэвсэгтэй нэвтрэхийг оролдсон байна.

Харин манай улсын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас "Гаднын улсын иргэнийг галт зэвсэгтэй өөрийн хилийг нэвтрүүлэх боломжгүй" гэх шаардлага тавьсан байгаа юм. Гэтэл ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов "Хэрэв биднийг галт зэвсэгтэй нэтрүүлэхгүй бол танай улсад айлчлахгүй" гэсэн утгатай үг хэлээд нутаг буцсан гэх мэдээлэл байна. 

Ташрамд өгүүлэхэд, ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов нь өнгөрсөн жил БНХАУ-д айлчлах үеэрээ "Манай дотоодын хөрш Монгол Улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна. Бидний зүгээс Монгол Улсын ерөнхий прокурорын газарт гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн. Орос, Хятад, Монгол гурван талт хамтын ажиллагааны формат болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах бусад салбарт нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна" хэмээсэн байдаг.