Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Тавантолгой түлш" ХХК-ны баруун бүсийн үйлдвэрт одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 05-ны шөнө гал гарч, үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех нь галд өртсөн байдаг.
Улмаар мэргэжлийн байгууллагаас галын шалтгаан нөхцөлийг тогтоож, тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 тоот шинжээчийн дүгнэлтээр галын хохирлыг 348.9 сая төгрөгөөр тогтоосон байгаа юм.
Гэтэл "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нь галын бодит хохирлыг тогтоох Ажлын хэсэг гээчийг байгуулж, өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын гаргасан хохирлын хэмжээг хэд дахин өсгөсөн дүгнэлт гаргуулаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Ц.Даваацэрэн нь өнгөрсөн жил /2023 он/ тушаал гаргаж, галын бодит хохирлыг тогтоох Ажлын хэсэг гээчийг байгуулсан байна. Тус Ажлын хэсэг 2022 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Тавантолгой түлш" ХХК-ны баруун бүсийн үйлдвэрт гарсан галын улмаас "Компанийн хөрөнгөд бүртгэлтэй нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө галд шатсаны улмаас цаашид ашиглах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байна. Улмаар тус ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг үндэслэн "Тавантолгой түлш" ХХК-ийн Хуулийн хэлтсээс хууль хяналтын байгууллага руу асуудлыг шийдвэрлүүлэхээр баримт материалыг явуулаад байгаа аж.
Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоосон галын хохирлын хэмжээг "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсэг яагаад ийнхүү хэд дахин нэмэгдүүлж, дүгнэлт гаргав, магадгүй галд шатсан гэх нэрийн дор хөрөнгө завших гэсэн санаархал байгаа юм биш гэх хардлагыг энд төрүүлж байна. Тиймээс уг асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэхдээ асуудлыг нарийн судалж холбогдох албаныхан ч анхааралдаа авах хэрэгтэй байгаа юм.