Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт "West End" театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 15 өдрийн турш тоглож, гадаадын 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан. Улмаар дэлхийн театр урлагийн олон мэргэжилтнүүдийн анхаарлын төвд орж чадсан юм.
Тодруулбал, Их Британийн III Чарльзаас эхлээд “CNN”, “The Times”, “Broadway world”, “The guardian” зэрэг томоохон хэвлэлүүд “Монгол хаан” жүжгийг хэд хэдэн удаа онцлоод амжив. Түүнчлэн “Монгол хаан” жүжиг тун удахгүй Азид албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт тоглогдох гэж байна. Мөн цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа талаар “Монгол хаан” жүжгийн продюсер А.Баярцэцэг бидэнд ярьсан юм.
Тэгвэл бид энэ удаа “Монгол хаан” жүжгийг үзэхээр зорин ирсэн “Premium projects”-ийг үүсгэн байгуулагч, продюсер Крис болон Сингапурт байдаг кино компанийн Япон талыг хаиуцсан продюсер Сузуки нартай уулзаж, “Монгол хаан” драмын талаар сэтгэгдлийг нь асууж, ярилцлаа.
ВИДЕО:
Premium projects”-ийг үүсгэн байгуулагч, продюсер Крис, “Би Германы “Premium projects”-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Бид Европ болон ойрх дорнодод үйл ажиллагаагаа явуулдаг. Би Монголд анх удаагаа ирж байна. Энд ирсэндээ маш их баяртай байгаа. Монголд ирж, “The Mongol Khan” жүжгийг эх оронд нь үзэх нь илүү гайхалтайг энэ ташрамд хэлэх хэрэгтэй байх. Энэ уур амьсгал, мэдрэмж, эргэн тойрны соёл уламжлал гээд маш онцгой сайхан байлаа.
Миний “The Mongol Khan” жүжгийн талаар олж мэдсэн түүх маш сонирхолтой. Би Лондонд ажлаар ирчихсэн байхдаа метроны буудал дээрх “The Mongol Khan” жүжгийн сурталчилгааг харсан. Тэр сурталчилгаа маш сайн, олон улсын түвшинд байгааг хараад их гайхсан. Гэтэл миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй Монгол продакшны бүтээл болж таарсан. Тэгээд улам цааш нь сонирхож, жүжгийн трейлерийг олж үзээд шууд л энэ жүжгийг үзмээр санагдаж, дэлхий дахины үзэгчдийн сонирхлыг татах жүжиг байна даа гэх бодол төрсөн.
Тэгээд би “Mongol Khan” жүжгийн талаар шуудхан л Google”-ээс хайж, жүжгийн багийнхан руу “Танай жүжиг миний сонирхлыг үнэхээр татаж байна. Хамтран ажиллаж, ямар нэг гайхалтай зүйлийг бүтээцгээе” хэмээн мэйл бичсэн.
Энэ жүжиг надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь яг л цаг хугацаагаар аялж, Монгол хааны үеийн эзэнт гүрний үед оччихсон мэт санагдлаа.
“Mongol Khan” жүжгийн жижиг детайлууд, Монгол хувцас, хөгжим, хөдөлгөөнөөр хүртэл түүх илэрхийлж буй нь дэлхийн түвшний, өндөр зэрэглэлийн бүтээл болсон нь тодорхой байна. Тиймээс би энэ гайхалтай бүтээлийг дэлхийн бусад үзэгчдэд үзүүлж, дэлхий дахинд Монгол соёлыг таниулах гэж байгаадаа баяртай байгаа" гэв.
-"МОНГОЛ ХААН" ДРАМЫГ ЯПОН УЛСАД ТОГЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-
Япон продюсер Сүзүки, "Сайн байна уу? Сингапур дахь кино компанийн Япон талыг хариуцсан дарга Сүзүки гэж хүн байна аа. Өнөөдөр анх удаа ирээд шууд "Монгол хаан" жүжгийг үзлээ. Жүжгээ үзчихээд хамгийн түрүүнд Монгол оронтой танилцахыг хүсэж байна. Энэ жүжгийг үзэх гээд нэлээн эртнээс бэлдэж байгаад Монголд ирсэн л дээ. Ирэх жилээс энэ төслийг Японд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үзэж эхэлснээс хойш нэг ч хором уйдсангүй. Тэр тусмаа сүүлийн хэсэгт маш олон үйл явдлыг багтааж, илүү үзүүштэй сонирхолтой болгожээ.
Нэг тайзнаа ийм олон уран бүтээлчдийг багтаан, бага цагт агуулгаа маш сайн харуулж байгаа нь үнэхээр гайхалтай санагдлаа. Би дэлхийн тайзнаа тоглогдсон олон жүжгийг үзэж байсан. Гэхдээ яг энэ жүжиг шиг комик зураг болон ном нь гарчихсан жүжиг харж байгаагүй ээ. Үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөлөө. Жүжгийн багийнхан маш мундаг байна л гэж хэлье дээ" гэв.