УИХ-ын гишүүн асан Д.Арвин өчний улмаас таалал төгссөн харамсалтай явдалд болоод байна. Түүний энэ сарын эхээр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхад нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй намынх нь нөхөд эргэж тойрч байсан тухай мэдээлэл бий. Тэгвэл Д.Арвин таалал төгссөн харамсалтай явдалтай холбогдуулж АН-аас өнөөдөр эмэгнэл гаргажээ.
-ЭМГЭНЭЛ-
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын гишүүн Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд МУИС-д түүхч, түүхийн багш мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. Д.Арвин нь түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, туршлагатай улс төрч эмэгтэй байв.
Тэрээр парламентад дөрвөн удаа сонгогдсон бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо”-ны даргаар тус тус ажиллаж байсан юм. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө, Хан Хэнтий нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, олон чухал хуулийг санаачлан батлуулж байв.
Монголын улс төр, бизнесийн салбарт амжилттай ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон түүний хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж Алтангадас одонгоор шагнаж байжээ.
Түүний дайчин, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанарыг нь гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, журмын нөхөд нь үүрд санан дурсах болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
АРДЧИЛСАН НАМ